УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр 53.8 хувийн ирцтэй хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр гишүүд цахим шилжилттэй холбоотой асуулт тавьж, санал хэллээ.
Г.Мөнхцэцэг (УИХ-ын гишүүн): -Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар бодлого баримтлах вэ. Өнгөрсөн хугацаанд 1-2-хон улсаас л сервер оруулж ирсэн байдаг. Тэгэхээр иргэдийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй. “Цахим өв” шинэ төслийг хэрэгжүүлэх юм байна. Энэ тал дээр дэлгэрэнгүй тайлбар өгөөч.
Л.Оюун-Эрдэнэ (ЗГХЭГ-ын дарга): -Ирэх дөрвөн жилд хийх томоохон ажлын нэг нь цахим шилжилт. Инновац, цахим бодлогын байнгын хорооныхонтой Засгийн газар холбоотой ажиллаж гэмээнэ энэ ажил үр дүнд хүрнэ. Үүний хүрээнд 4-5 хууль батлах шаардлагатай. Жишээ нь, Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчилнэ. Иргэдийн мэдээлэлд төр тухайн хүний зөвшөөрөлгүй нэвтрэх боломжгүй болох хэмжээний технологийн дэвшилд хүрч гэмээнэ цахим шилжилт хийдэг юм билээ. “Цахим Монгол” төслийн хүрээнд “И Монголиа” нэртэй нэгдсэн платформыг ирэх аравдугаар сард бий болгоно. Төрийн бүх үйлчилгээг нэгдсэн цонхноос авдаг, нэг стандарттай болно гэсэн үг. Иргэн бүр цахим гарын үсэг, өөрийн домайн хаягтай байх юм. Иргэний үнэмлэхээрээ дамжуулж өөрийнхөө мэдээллийг авах боломж бүрдэнэ гэж харж байгаа. Эрүүл мэнд, соёл, банк гээд боломжит бүх үйлчилгээг дээрх цонхноос авдаг түвшинд хүрнэ. Одоогийн төлөвлөсөн хурдаар ажиллавал үүнд 7-8 жил шаардана гэж Эстони улсын шинжээчид дүгнэсэн.
Н.Энхцэцэг (Ажлын хэсгийн гишүүн):- Цахим аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны нэгдсэн стандарт бий болгох шаардлагатай. Төрийн байгууллагуудад мэдээллийн технологийн аудит хийдэг болох шаардлага үүссэн. Мөн Мэдээллийн аюулгүй байдлын хяналт, удирдлагын төв байгуулах нь зүйтэй гэж үзэж буй. Тус төв нь төр, иргэд, хувийн хэвшлийнхний мэдээллийг хамгаалах чиглэлээр ажиллах юм.
С.Чулуун (Соёлын сайд): -Соёлын яамнаас хэрэгжүүлэх үндсэн бодлогын нэг нь цахим үйлчилгээ, мэдээллийн дата бааз бий болгох юм. “Цахим өв” төслийн хүрээнд Монголын соёлын өвийг бүртгэсэн нэгтгэсэн дата бааз үүсгэх юм. Ингэснээр соёлын өвийн хулгай устах боломжтой. Одоогоор бүртгэгдсэн 100 мянга гаруй өвийн мэдээллийг цахим санд байршуулна. Мөн аялал жуулчлалын нэгдсэн цонх, цахим музей бий болгоно. Соёлын бүтээлч үйлдвэрлэлд чиглэн ажиллаж, манай салбар байгууллагууд инновацад суурилан, цахимд шилжсэнээр санхүү, эдийн засгийн нөхцөлөө сайжруулах боломжтой.
Г.Дамдинням (УИХ-ын гишүүн):-Цахим шилжилтийн хүрээнд боловсролын салбарт хийх ажлыг тусгажээ. Үүнд олон улсын боловсролын стандартад шилжих гэсэн агуулга оруулж ирэхгүй бол болохгүй. Мөн цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх талаар холбогдох хуульд нарийвчлан тусгах хэрэгтэй.
Г.Амартүвшин (УИХ-ын гишүүн):-“Цахим Монгол” төслийг ямар төлөвлөгөө, үе шаттайгаар хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ. 2020 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд ямар ажлыг нь хийсэн байх ёстой вэ. Энэ талаар танилцуулбал сайн байна.
Ц.Сэргэлэн (УИХ-ын гишүүн):- “Цахим Монгол” хөтөлбөрийг бүрэн дэмжиж байна. Маш том систем бий болно. Өөрийн гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэг бүрэлдэхүүн хэсэг нь кибер аюулгүй байдал юм. Үүнд онцгойлон анхаарч, кибер аюулгүй байдлын тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхгүй бол халдлагад өртөх эрсдэлтэй. Гүрж, Эстонийн цахим систем нь ажиллахгүй болсон тохиолдол бий. Тиймээс аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажлын хэсэг байгуулах санал оруулъя гэв.
Хуралдаанаар зарчмын зөрүүтэй таван санал гаргалаа. Тухайлбал, Монгол Улсыг 2021- 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд “Үүний үр дүнд Үндсэн хуулийн 3.1-т заасны дагуу засаг, төрийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчим бүрэн хэрэгжинэ” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргахад гишүүд дэмжив. Мөн “Улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаа, засаглалын бүхий л шатанд гурван талт түншлэлийг нэвтрүүлсэн байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилго бүхий төр, орон нутгийн төсвийн санхүүжилт болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, төлөвлөлт нь зорилтот бүлэгтээ бодитой чиглэн ажиллаж чадаж байгаа, эсэхэд тогтмол хяналт тавих гурван талт түншлэлийн механизмыг бий болгож, ажиллуулж эхэлсэн байна” гэснийг уг төслийн 5.1-т тусгахыг гишүүд дэмжиж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзлээ. Мөн гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасангүй.