“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Английн “Стандарт” банканд хуурамч бичиг баримт бүрдүүлэн барьцаалж, 109 сая ам.долларын зээл авсан хэргээр шүүгдэж буй Ш.Батхүү нар шүүх хурлаа дахин хойшлуулав. Өнгөрсөн жил прокуророос эл хэргийг шүүхэд шилжүүлсэн ч шүүх хурлыг удаа дараа хойшлуулсаар, эцэст нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. АТГ-аас нэмэлт ажиллагаа хийж, прокуророос хэргийг шүүхэд дахин шилжүүлсэн юм. НПГ-аас “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүг бусдыг залилсан, хуулийн этгээдийн эрх мэдлээ урвуулсан, хуурамч бичиг баримт үйлдсэн, нотлох баримтаа устгасан, мөнгө угаасан зэрэг Эрүүгийн хуулийн цөөнгүй зүйл ангиар буруутгаж буй. Мөн түүний үйлдэлд “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзориг, тус компанийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн дарга байсан Г.Амарбат, “Алтжин групп”-ийн ерөнхий захирал Г.Алтжин, түүний хүү Э.Сүрэн нарыг хамжигчаар татан шүүж байна. Тэдний хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэж эхэлсэн ч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Энхболд болон нэр бүхий гэрчүүд ирээгүй аж. Мөн хохирогчоор тогтоосон “Эрдэнэт үйлдвэр”-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Дэлгэрнасан өвчтэй гэсэн шалтгаанаар шүүх хуралд оролцож чадаагүй байна. Энэ хугацаанд нэр бүхий гэрчийг шүүхийн тогтоолоор албадан ирүүлэх, Ж.Батхуягийг хохирогч “Шунхлай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоож, хэргийн материалтай танилцуулах шүүгчийн тогтоол гарлаа.
Бэлтгэсэн: Д.Тэлмэн