Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Архангайн Засаг дарга Ц.Мөнхнасан болон тус аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарт холбогдох авлигын хэргийг шүүн хэлэлцэв. Тэд хуурамч бичиг баримт үйлдэн, аймгийн нутаг дэвсгэрт алт олборлох зөвшөөрөл олгосон хэрэгт холбогдсон. Мөн шүүгдэгч Ц.Мөнхнасан нь ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодсон хэргээр шүүгдэж буй. НПГ-аас Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 11.4-1 хэсэгт зааснаар, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Мөн Б.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Ц.Мөнхнасан нь Т.Батсүхтэй харилцан зодолдож, гэмтэл авсан байтал хэргийг буруу тусгаарлаж, зүйлчилсэн гэж үзэв. Үүнээс гадна авлигын хэрэгтэй нь холбогдуулан зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.
Бэлтгэсэн: Д.Тэлмэн