Шохойн үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хорт утаа, тоосжилт оршин суугчдын эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд хүрсэн талаарх мэдээллийг Дархан-Уул аймгийн Дархан сумын XV багийн иргэд өгсөн юм. Иргэн У “Агаар хамгийн тунгалаг байдаг өглөө, үдшээр ч утаа, тоос ихэслээ. Уг нь холбогдох хууль, журмаараа бол ийм үйлдвэрийг суурьшлын бүсээс 50 км зайд байгуулах ёстой юм билээ. Даруй арга хэмжээ авахгүй бол дан ганц XV баг бус, аймаг даяараа хордож, хохирох нөхцөл үүслээ. Эл асуудлаар зохих байгууллагад хандахаар үл тоож, улстөржүүлдэг” гэсэн юм. Мэдээллийн дагуу тус аймгийн БОАЖГ-ын орлогч дарга Д.Баянмөнхөөс тодруулахад “XV багт шохой боловсруулдаг дөрвөн аж ахуйн нэгж бий. Тухайн хэсэг хонхор тогтоцтой учраас үйлдвэрүүд шохой шатаах үед утаа, тоос тунардаг. Бид аймгийн цаг уурын байгууллагынхантай хамтран жил болгон хэмжилт, судалгаа хийж байгаа. Ноцтой үзүүлэлт гардаггүй. Үүнтэй холбоотой гомдол, мэдээлэл сүүлийн үед олон ирсэн учраас үйлдвэрүүд зуух, шүүлтүүрээ солих зэргээр технологио шинэчилж, сайжруулахад анхаарч байна. Үүнд 2-3 тэрбум төгрөг шаардлагатай” гэв. Тухайн бүсэд агаарын бохирдлын түвшин, тоосонцрын хэмжээ хэр буй, хэзээ хамгийн сүүлд хэмжилт хийсэн талаар тус аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрынхнаас тодруулахад “Бид байнга хэмждэг. Тэр хавь яалт ч үгүй их утаатай” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй. Манай улсын хамгийн олон хүн амтай тус багийн иргэдийн эрүүл мэндтэй холбоотой эл асуудалд холбогдох байгууллагууд анхаарч, хэмжилт, судалгаа хийх шаардлага үүсжээ.