Нийслэлээс зохион байгуулж буй "10,000 программист" бэлтгэх төслийн хүрээнд "Гэрэгэ Академи" сургалтын төв өнөөдөр нээлтээ хийлээ.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас тус төслийг санаачилсан юм. Төслийн хүрээнд мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадваржуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилгоор дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх “Гэрэгэ Академи” сургалтын төвийг нээж байгаа аж.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, "Гэрэгэ системс" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат, багш Ю.Намсрай, Д.Гармаа болон академийн суралцагчид оролцов.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ "Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, мэдээлэл технологийн салбартай хөл нийлүүлэн алхахгүйгээр бид дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжгүй эрин зуунд амьдарч байна. Тиймээс бид өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг эзэлж байгаа залууст сурах боломжийг бүрдүүлэхээр "10,000 программист" төслийг эхлүүлсэн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр мэдээлэл, технологийн чиглэлээр мэргэшсэн, мэдлэг чадвар бүхий программистууд бэлтгэгдэн гарах юм" гэлээ.
Харин "Гэрэгэ системс" компанийн үүсгэн байгуулагч Ц. Эрдэнэбат хэлэхдээ "Технологи хөгжүүлнэ гэдэг санаан зоргоор яригддаг асуудал биш. Энэ нь мэргэжилтнүүд дээр тогтдог зүйл. Тиймээс бид мэдээлэл, технологийн мэргэжилтэн бэлтгэснээр зөвхөн Монголд төдийгүй дэлхийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл, олон улс даяарх судалгаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад салбарууд хөгжих боломж нээгдэнэ.
Түүнчлэн Монгол Улс нь Төв Ази болон Зүүн Азийг холбосон дижитал дэд бүтцийн төв болохоос гадна дэлхийн болон үндэстэн дамнасан технологийн компаниудад хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийг хангах давуу талтай юм. Улаанбаатар хот “цахим хот” болохын суурь үндэс нь эдгээр чадварлаг программистууд юм" гэсэн юм.