Шим ертөнц тэр чигтээ гайхамшиг бөгөөд тэдгээрийн дунд хачирхалтай, хачин, басхүү үзэсгэлэнтэй “царай” зүстэй нь элбэг. Ургамлын төрөл зүйлүүдээс хамгийн өвөрмөц нь мөөг юм. Олон улсын судлаачид бөмбөрцгийн шим ертөнцийн хамгийн сонирхолтой мөөгнүүдийн талаар жагсаалт гаргаснаас түүвэрлэн хүргэе.
• Жагсаалтын эхэнд “чийдэнтэй” хэмээн тодотгодог мицена хлорофос (mycena сhlorophos)бичигджээ. Харанхуйд неон гэрэл цацруулдаг уг төрөл зүйлийг Бразил, Японд борооны улирлаар харж болно. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр, агаарын температур нэмэх 21-ээс дээш тохиолдолд мицена неон ногооноор гэрэлтэх бөгөөд эхлээд малгайных нь “чийдэн” асдаг гэнэ. Бразилын Гояс мужийн Нативидад хэмээх газарт 1840 онд Английн судлаач Ж.Гарднерын хажууд тоглож байсан хүүхдүүд гэрэлтсэн ногоон зүйл хаячихаад явсныг сонирхон авч үзээд шинэ төрөл зүйлийн мөөг болохыг нь баталж, шинжлэх ухаанд бүртгүүлсэн түүхтэй аж. Дэлхий дээр ийм неон ногоон өнгөөр гэрэлтдэг мөөг үүнээс өөр байхгүй гэнэ.
• Гүн цэнхэр өнгөтэй ентолома (еn¬toloma hochstetteri) Энэтхэг, Шинэ Зеландын ойн бүсэд ургадаг. Шүхэр нь цэнхэр, шилбэ нь улаан туяатай “ганган” мөөгний нууц нь азулин хэмээх будагч бодисонд бий. Ентолома хортой бөгөөд хүн, амьтанд нөлөөлөх хэмжээнийх биш.
• Nidulariaceae гэсэн латин нэршилтэй эл мөөгийг шувууны үүр гэх нь бий. Судлаачид хөгц мөөг хэмээдэг. Шинэ Зеландад л ургадаг эл мөөгний гаднах аяга нэгээс хэдэн арав хүртэл байх бөгөөд эхлээд бөмбөлөг хэлбэртэй байснаа өөрчлөгдөн аяга шиг болдог онцлогтой. Тэрхүү аяганаас ихэвчлэн дөрөв, найман хос мөөг ургана.
• Зараа мөөгний латин нэр нь hericium erina¬ceus. Мөөгнүүдийн малгайн доод хэсэг буюу шүхэрт нь байдаг нарийхан “утаснууд” нь дээрээ гарсан мэт харагдах өвөрмөц бүтэцтэй. Оросын зарим бүс нутагт ургадаг эл мөөгийг сам хорхой шиг амттай гэж тодорхойлсон байна. Хүний дархлааны тогтолцоог дэмжих үйлчилгээ учраас эртнээс хүнсэнд хэрэглэж иржээ. ОХУ-ын “Улаан” ном”-д бүртгэлтэй учраас түүх хориотой ч хүмүүс тарималжуулдаг аж.
• Chorioactis geaster хэмээх мөөгийг Техасын од гэдэг. Тэр газраас анх олдсон учраас ийнхүү нэрлэсэн байна. Харин чөтгөрийн тамхи гэж бас нэрлэдэг учир нь түүний дотор байх жижигхэн, бор уутанцартай холбоотой. Тэр нь яг л тамхи шиг хэлбэртэйгээс гадна үрээ хаяхдаа эл мөөг өвөрмөц дуу чимээ гаргадаг юм байна. Дэлхий дээр дуугардаг мөөг үүнээс өөр үгүй гэнэ.
• Харагдах байдлаас нь нохойн шодой хэмээн нэрлэсэн эл мөөгний латин нэршил mutinus caninus бөгөөд грекээр нохойтой адил гэсэн утгатай аж. Өвөрмөц амт, үнэртэй эл мөөг Дэлхийн “Улаан ном”-д бүртгэлтэй.
• Газрын од буюу geastrum rufescens бол маш түгээмэл бөгөөд тун сонирхолтой ургамал. Хөрснөөс дөнгөж цухуйгаад л цэцэг шиг дэлбээлнэ. Дэлбээнүүд нь удалгүй гадагш хумиж эхлэх бөгөөд тэдгээрийн голоос авокадоны яс шиг зүйл гарна. Тэр нь монголчуудын нэрлэдгээр тэнгэрийн дүлий шиг хөвсгөр эд бөгөөд голоосоо шалчийж, мууддаг байна.