Автобусны карт цэнэглэх цэгүүд ажиллахгүй байвал хаана хандаж, хариуцлага тооцуулах вэ?
М.Цэц-Үүлэн (Чингэлтэй дүүрэг V хорооны иргэн)
• “Улаанбаатар смарт карт” компанийн Хэрэглэгчийн үйлчилгээний нэгдсэн төвд автобусны карт цэнэглэх цэгүүд орой нээж, эрт хаадаг, зарим өдөр ажилладаггүй гэсэн санал, гомдол цөөнгүй ирдэг. Гэрээт цэгүүд нэгдсэн системд холбоотой учир бүх үйл ажиллагааг нь хянаж болно. Тухайлбал, төхөөрөмжөө хэдэн цагаас ажиллуулж, хэчнээн хүний карт цэнэглэсэн, хэдэн өдөр ажиллаагүй зэргийг мэдэх боломжтой. Хоёр болон түүнээс олон өдөр ажиллаагүй цэгийн хариуцсан эзэнтэй нь манай байгууллагаас холбогдож, шалтгааныг тодруулдаг. Ажиллаагүй цэгүүдэд удаа дараа шаардлага хүргүүлдэг. Хэрэв шаардлага биелүүлж, дутагдлаа засахгүй бол хамтран ажиллах гэрээг цуцлах журамтай. Сайн дураараа гэрээт цэг ажиллуулах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж бидэнтэй холбогдож болно. Энэ тохиолдолд дээрх газруудад “Голомт” банкны “Easy pay” төхөөрөмж суурилуулна. Түүнчлэн иргэд гар утасныхаа байршил тогтоогчийг асааж, “UB smart bus” аппликэйшнд нэвтэрч, өөрт ойрхон гэрээт цэгийн мэдээллийг харах боломжтой.
М.МӨНХБОЛД (“Улаанбаатар смарт карт” компанийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга )
Мэргэжил дээшлүүлэхээр сурч байгаа тохиолдолд буцаан олголтод хамрагдахгүй
-Шинээр их сургуульд элсэн суралцаж буй оюутан тухайн жилийн сургалтын төлбөрийн буцаан олголт авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?
С.Бат (Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны иргэн)
•Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.5-д “Гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсвэл элсэн суралцаж байгаа тохиолдолд бакалаврын сургалтын хугацаанд тухайн жилд төлсөн татварын баримтаар нотлогдож буй сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох хөнгөлөлт эдлүүлнэ” гэж заасан.
Уг хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн оюутан татвар төлөгч иргэний орлого, бүртгэлийн дэвтэр, хувь хүний орлогын албан татварын тайлан, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, хүүхдийн төрсний гэрчилгээ, эсвэл үрчилсэн гэрчилгээний хуулбарыг бүрдүүлэх шаардлагатай. Мөн сургалтын төлбөр төлсөн баримт, сургуулийн тодорхойлолт хэрэгтэй. Оюутан, суралцагч болон эцэг, эх, асран хамгаалагч нь эдгээр материалыг бүрдүүлэхдээ баримт бичигт тавигдах шаардлага, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг нягталж харах нь зүйтэй. Их, дээд сургууль төгссөн, мэргэжил дээшлүүлэхийн тулд дахин сурч буй тохиолдолд буцаан олголтод хамрагдах боломжгүй. Албан татвар төлөгч жилийн эцсийн тайлангаа дараа оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-нд багтаан харьяа дүүргийнхээ татварын албанд ирүүлж хөнгөлөлтөд хамрагдана. Татварын албанаас иргэдэд шуурхай үйлчлэхээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайланг цахимаар авахаар ажиллаж байна. Үүний хүрээнд татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтрийг цахим хэлбэрээр “И-баримт” аппликэйшнд нэгтгэсэн.
Н.ГАЛБАДРАХ (Татварын ерөнхий газрын улсын байцаагч)
Дүүргүүдийн хороонд сэтгэлзүйч хэрэгтэй
Дүүргүүдийн хороонд мэргэжлийн сэтгэлзүйч ажилладаг уу?
Б.Эрхэс (Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн)
•Хороонд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг мэргэжлийн хүн байдаггүй. Тухайн хорооны нийгмийн ажилтан нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, өрхийн эмнэлэг, хэсгийн төлөөлөгч, сургуулийн нийгмийн ажилтантай хамтарч ажилладаг. Тухайн хүнд сэтгэл зүйн зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй үед дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн сэтгэлзүйчтэй холбож өгдөг. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нийгмийн ажилтан Б.Мөнхзул “Нөхцөл байдлын үнэлгээ хийхээс эхлээд маш их ачаалалтай ажилладаг. Зөвлөгөө авахаар ирсэн хүн бүртэй тулж ажиллаж чаддаггүй. Асуудлын дийлэнх нь архинаас үүдэлтэй байдаг. Хорооны иргэдэд үйлчлэх мэргэжлийн сэтгэлзүйч үйлчилгээ, тусламж хэрэгтэй гэж боддог. Дүүргийн хороодод мэргэжлийн сэтгэлзүйч ажиллуулах нэгдсэн бодлого байдаггүй” гэв.
Б.МӨНХЗУЛ (Чингэлтэй дүүргийн XVII дугаар хорооны нийгмийн ажилтан)
НӨАТ-ын буцаан олголтыг дундын дансаар авч болохгүй
Мэдээлэл нь зөрчилтэй гэсэн шалтгаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтоо авч чадаагүй иргэд яах ёстой вэ?
Ж.Эрдэнэ (Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн)
•Тухайн хүний овог, нэр, регистр болон дансны дугаар зөрсөн тохиолдолд НӨАТ-ын буцаан олголт нь ордоггүй. Ebarimt “аппликэйшн” ашигладаг иргэд “Миний бүртгэл” хэсэг дэх мэдээллээ нягтлаад, хэрэв буруу бол засаж, зөв тохируулах хэрэгтэй. Үүний дараа тухайн улиралд ороогүй буцаан олголтыг дараахад хамтад нь олгодог. Харин 131313 тусгай дугаарт мессеж илгээж төлбөрийн баримтаа бүртгүүлдэг, нийслэлд харьяалалтай иргэд “Мишээл экспо”, “Дүнжингарав”, “Драгон” төвийн нэг цэгийн үйлчилгээнд, орон нутгийнхан иргэд аймгийнхаа Татварын хэлтэст баримт бичгээ авч очин мэдээллээ зөв болгох боломжтой. Мөн буцаан олголт авах хүний данс нь хамтран эзэмшигчгүй байх ёстойг анхаараарай.
Ц.БУЛГАН (СХД-ийн татварын улсын байцаагч)
116 дугаар сургуулийн бүртгэл есдүгээр сар хүртэл үргэлжилнэ
116 дугаар тусгай сургуульд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг хэзээ хэрхэн бүртгэх вэ?
Г.Мядагбадам (Баянзүрх дүүргийн V хорооны иргэн)
•116 дугаар тусгай сургуульд харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг. Өнгөрсөн хичээлийн жилд манай сургуульд 123 хүүхэд суралцсан. Нэг анги дунджаар 3-8 сурагчтай. Тэдэнд мэргэжлийн 34 багш хичээл заадаг. Сурагчдын 50 орчим хувь нь орон нутгаас ирдэг. Сургууль дотроо 68 хүүхдийн багтаамж бүхий дотуур байртай, орон нутгаас ирсэн хүүхдүүд тэнд байрладаг юм. Энэ жилийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэл эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Нийт 20 хүүхэд элсүүлнэ. Тэднийг арав арваар нь хоёр бүлэг болгох юм. Бүртгүүлэх хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчийн хамт ирэх хэрэгтэй. Элсэлт хариуцсан мэргэжилтнүүдээс гадна нүдний эмч нар ажиллаж, хүүхдүүдийн харааг иж бүрэн оношилж, тусгай сургуульд хамруулах, эсэхийг шийддэг. Манай сургуульд хараагүй, эсвэл сул хараатай хүүхдүүд ихэвчлэн бүртгүүлдэг. Сургуулийн зүгээс энэ долоо хоногт УОК, ЭМЯ-нд танхимаар таван өдөр хичээллүүлэх санал хүргүүлнэ. Хүүхэд цөөн учир бөөгнөрөл үүсэхгүй үүднээс ийм шийдвэрт хүрсэн.
Д.ЧИНБААТАР (116 дугаар сургуулийн захирал)
Ажил хайгчдад зориулсан аппликэйшн ашиглаарай
-Ажил идэвхтэй хайж байгаа хүмүүс хаана хандах вэ. Зөвлөгөө мэдээлэл өгдөг, ажилд зуучлах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг байгууллага байдаг уу?
Д.Анар (Баянгол дүүргийн IV хорооны иргэн)
•Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь иргэдийг ажилд зуучлах үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага бөгөөд иргэд хандсанаар ажилд зуучлуулах, хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн бүртгэлд хамрагдах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө гэсэн үндсэн гурван үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой. Өмнө нь ажил хайгч иргэд заавал өөрөө ирдэг байсан бол өдгөө утсаар болон цахимаар бүртгүүлэх боломж бүрдсэн. Тодруулбал, энэ онд манай байгууллагынхан “UB job” аппликэйшн бүтээсэн. Иргэд хувийн мэдээллээ эл аппликэйшнд бүртгүүлэн нэвтэрснээр ажлын зар харж болно. Хайж байсан зар тань байвал “Элсэх” гэсэн хэсэгт дарснаар ажил олгогч руу хүсэлт илгээх юм. Зар байршуулсан байгууллага таны мэдээлэлтэй танилцаад ярилцлагын санал илгээх, эсэхээ шийднэ. Одоогоор бүртгүүлсэн иргэдийн олонх нь 35-60 насныхан байна. Түүнчлэн Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Хариуцлагатай хөдөлмөрийн бирж зэрэг хувийн хэвшлийнхэн ажилд зуучилдаг юм байна.
Д.БАЯСГАЛАН (Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын ахлах мэргэжилтэн)
Автомашиныг “цахимаар” ачиж байна
О.Ундармаа (Чингэлтэй дүүргийн VI хорооны иргэн)
-Зөвшөөрөлгүй газар байрлуулсан автомашиныг ачихдаа замын цагдаагийнханд цахимаар мэдэгдэж, ачих, үгүйг нь шийддэг болжээ. Үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаа бол?
•Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасныг үндэслэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд өнгөрсөн оны зургадугаар сарын 7-нд А/101 тоот тушаал гарган, Замын хөдөлгөөнийг зохицуулах, хянаж шалгах журмыг баталсан юм. Уг журмын хүрээнд автомашиныг ачих явцад гаргадаг нийтлэг, алдаа, дутагдлыг цэгцлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба болон “Ачилт автомашинуудын нэгдсэн холбоо”-ныхон хамтран ажиллах болсон. Тус хоёр байгууллага өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд гэрээ байгуулж, автомашиныг “цахимаар” ачихтай холбоотой техник, мобайл аппликэйшн болон вебсайт хөгжүүлэх асуудлыг “Ачилт”-ынхан хариуцан ажиллаж байна. Дүрэм зөрчсөн жолоочийн автомашиныг ачих, үгүйг нь Тээврийн цагдаагийн алба хариуцах юм. Эл ажлыг энэ сарын 1-нээс хэрэгжүүлэх байсан ч хүний нөөцийн хүрэлцээгүйгээс хэсэг хойшлуулж байгаад өчигдрөөс албан ёсоор эхлүүллээ.
Улаанбаатарт өдөрт дунджаар 400-500 замын цагдаа ажилладаг. Тэд дүрэм зөрчиж буй жолооч болгонтой харилцаж, асуудлыг шийдэж хүрэлцдэггүй. Тиймээс цахим систем нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Уг ажлыг эхлүүлэхээс өмнө ачилтын компанийнхныг сургалтад хамруулжээ. Тэд гар утасны аппликэйшн ашиглаж буруу газарт байрлуулсан автомашины дугаар, байршил, ойр орчмын мэдээллийг Тээврийн цагдаагийн албанд илгээнэ. Цагдаагийн албаныхан өгөгдлийг шалгаад 3-5 минутын дотор хариу өгнө. Жолооч дүрэм зөрчсөн нь батлагдвал автомашиныг хэрхэхийг ачилтын компанийнханд даалгах юм. Хариу хүлээх хооронд, эсвэл тээврийн хэрэгслийг ачиж байхад жолооч ирвэл машиныг ачихгүй, буулгана. Иргэд түр зогсохыг хориглосон газарт машинаа эзэнгүй орхиж болохгүй. Харин таван минутын дотор хүн буулгаж, суулгахыг зөвшөөрдөг. Давхардсан тоогоор өдөрт 100-150 машин ачдаг гэсэн тооцоо бий. Автомашинуудыг цахим систем ашиглан ачиж эхэлснээр нэгдсэн тоо, тэмдэглэгээгүй газруудын байршил, мэдээллийг тодорхой харах боломж бүрдэх юм.
Х.НАРАНБААТАР (Ачилт автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн)
Бэлтгэсэн: Э.НАМУУНЦЭЦЭГ, Б.ЛХАГВА, Б.БҮЖМАА