Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн явц, хэмжээ, түлшний нөөцийн мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар өглөө.
Тэрбээр "Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 84 агуулахад 41,500 тн сайжруулсан түлшийг нөөцөлсөн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, СХД-ийн 1 дүгээр хороо, СХД-ийн 2 дугаар хороо, БЗД-ийн 21 дүгээр хороо, ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр 1000 тонн багтаамжтай таван агуулах барьж ашиглалтад орууллаа.
Налайх дүүрэгт баригдаж байгаа сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн дэд бүтцийн болон барилга хийцийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлууд 70 хувьтай хийгдэж байна. Тус үйлдвэрийг ирэх сарын 15-ны өдрөөс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж ажиллаж байгаа юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын өөрчлөлтөөр агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах таван хорооны 17,187 айл өрх болон түр оршин суугаа айл өрхүүдэд тараагдаагүй үлдсэн угаар мэдрэгч төхөөрөмжийг хуваарийн дагуу тараахаар бэлтгэл ажлыг хангагдсан.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/1036 дугаар захирамжаар 2020 оны 8 дугаар сарын 15-наас 2020 оны 9 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Өвөлжилтийн бэлтгэл хангах” нэг сарын аян зарлаж, хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага нарт үүрэг болгосон юм. тус аяныг дүүрэг бүрт хэрэгжүүлнэ.
Энэхүү аяны хүрээнд Гэр хорооллын айл өрхийн ахуйн хэрэглээний зуухны MNS5216:2016 стандартыг хангуулах, сайн картын хэрэглээг хэвшүүлэхэд хяналт тавих зэрэг “Хэрэглэгчдэд үйлчлэх алба” байгуулж ажиллана" гэсэн юм.