Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга М.Мөнхбаяр “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар зорчигч тээврийн газруудад албан бичгээр 11 чиглэлд төлөвлөгөө боловсруулсан. Уг албан бичгийн дагуу 19 аж ахуйн нэгж ажлын төлөвлөгөөгөө баталж өгсөн.
Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 50 хувьтай байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний өвөлтжилтийн бэлтгэлийг хангахад 132 сая төгрөг зарцуулсан. Нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэлтэй 1217 тээврийн хэрэгсэл байна. Өнөөдрийн байдлаар 910 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна.
Түүнчлэн хүүхэд тээвэрлэх автобуснуудын техникийн үзлэг өнөөдрөөс эхэлж 28-ны өдрийг дуустал Техникийн хяналтын үзлэгийн төвд үргэлжилнэ. Тус хяналтын үзлэгт ЕБС-ийн 87 сургуулийн 135 болон шинээр 33 тээврийн хэрэгсэл нэмэгдэж нийт 168 тээврийн хэрэгсэл хамрагдана" гэлээ.
Тэрбээр, үргэлжлүүлэн сурагчдын автобусны тоо энэ жил нэмэгдэнэ. Сурагчдын автобус бол сургуулиудын асуудал бус, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд хариуцаж явах ёстой асуудал. Замын хөдөлгөөний хамгийн өндөр ачааллыг бууруулах чиглэлд оруулж буй энэ хөрөнгө оруулалтын ажлыг бид үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс сурагчдын автобусны чиглэлийн асуудлаар тусгайлан энэ долоо хоногт ярина" гэлээ.