Нийслэлийн эрүүл мэндийн газар болон цагдаагийн байгууллагад шаардлагатай 150 авто машиныг Нийслэлээс гардууллаа.
Тодруулбал, нийслэлийн эрүүл мэндийн салбарт 4.8 тэрбум, цагдаад 7.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий бүрэн тоноглогдсон парк шинэчлэлийг нийслэлийн төсвөөс хийж байгаа ажээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт 40 машин, цагдаагийн 110 автомашин өглөө.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Улаанбаатар хотод 10 мянган хүн тутамд нэг машин үйлчлэх ёстой гэж тооцвол дахин 40 автомашины парк шинэчлэл хийх шаардлагатай" гэсэн бол ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д хамгийн сүүлд 2009 онд машины шинэчлэл хийгдэж байсан. Тиймээс энэ нь цаг үеэ олсон, чухал үйл явдал болж байгаад талархаж байна. Бүрэн тоноглогдсон автомашинтай болж байгаа учраас бид ажлаа явуулахад саадгүй болох байх гэж найдаж байна” хэмээлээ.