Дэлхийн даамын холбоо (ДДХ)-ноос цахим хэлбэрээр зохион байгуулж, хоёр сар үргэлжилсэн “Үндэстнүүдийн цом” тэмцээнд Монголын охидын багийнхан амжилттай оролцож, аваргаар тодорчээ. Энэ талаар Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын их мастер Р.Манлай мэдээлснээр хүргэе. Тэрбээр “ДДХ-ноос зохион байгуулсан энэ жилийн хамгийн том арга хэмжээ болсон эл тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаараа бахархаж байна” гэлээ.
Тэмцээний эхний шатанд 11 улсын эмэгтэй даамчид тойргоор тоглосон бөгөөд манай багийнхан Бразил, Беларусь, Нидерланд Суринам, Эстонийн тамирчдыг хожсон бол Израил, Латви, Хятадынхтай тэнцжээ. Харин Орос болон Украины багт хожигдож, хэсгээсээ дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Улмаар хасагдах шатанд БНХАУ-ын багийг хоёр тоглолт дараалан 6:2, 8:0-оор хожжээ. Тус багт их мастер Жан Ю, Жао Ханчинь нарын алдартай даамчид багтсан байв. Урьдчилсан таамгаар хагас шигшээд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан дэлхийн аварга Тамара Тансыккужина, Дэлхийн цомын аварга Айгуль Идрисова нарын бүрэлдэхүүнтэй ОХУ-ын багийг манайхан 4:4, 7:1-ээр буулган авч, шигшээ тоглолтод шалгарчээ. Ингээд аваргын төлөө ДАШТ-ий мөнгөн медальт, ОУИМ Ольга Федорович, хүрэл медальт, ОУИМ Дарья Федорович, 64 буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга Яна Якубович, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Виктория Николаева нарын бүрэлдэхүүнтэй Беларусийн багтай тоглох болсон. Хэдийгээр хэсэгтээ учраа таарахад манай багийнхан 6:2-оор хожсон ч энэ удаа огт өөр түвшний өрсөлдөөн өрнөх нь тодорхой байв. Наймдугаар сарын 14-нд болсон финалын эхний тоглолтод Монголын багийнхан 5:3-аар илүүрхсэн. Гуравдугаар ширээнд тоглосон ДДХ-ны мастер Б.Мөнхжин ялж, бусад нь тэнцсэнээр ялимгүй давуу талтай болжээ. Гэхдээ наймдугаар сарын 15-ны хариу тулаанд нэг, гуравдугаар ширээний тоглогчид маань хожигдсон ч шийдвэрлэх мөчид Э.Хүслэн, Б.Мөнхжин нар ялалт байгуулснаар 4:4-өөр тэнцэж, улмаар хоёр тоглолтын нийлбэрээр 9:7-оор хожиж, анхны тэмцээний аваргаар тодорчээ. Монголын даамчин охидын талаар мэргэжилтнүүд “Хэдийгээр өсвөр, залуу тамирчдаас бүрдсэн ч энэ тэмцээний хамгийн жигд бүрэлдэхүүнтэй баг байлаа. Монголд даамын сургалт өндөр түвшинд хүрчээ” зэргээр дүгнэсэн аж. Дэлхийн шилдэг даамчдыг буулган авсан Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Бэлтгэсэн: Ж.Хаан