Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. Энэ үеэр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал "Өнгөрсөн хугацаанд НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг Замын хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Нийслэлийн засаг дарга тогтоодог болсон. Засаг даргад олгогдсон эрхийн дагуу Нийслэлийн хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дугаарын хязгаарлалттай холбоотой захирамжийг өнөөдөр баталлаа.
Ажлын өдрүүдэд үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт, хязгаарлалтын бүсчлэл хэвийн хэмжээнд үйлчилнэ. Хязгаарлалт тогтоосон цэгүүдийн захын хэсгүүдэд нийтийг хамарсан машины зогсоолыг байгуулахаар газрын асуудлыг судална. Ингэснээр хязгаарлалтын бүс хүртэл иргэд өөрсдийн машинаар зорчоод, машинаа зогсоолд байрлуулаад, тухайн газрын чиглэлийн автобусаар ирэх боломжийг нь нээнэ" гэв.
Харин ЗЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Шинээр гаргасан захирамжийн хүрээнд жолооч нар өглөө 8:00-цагаас орой 22:00 цагаас хүртэл дараах бүсэд хөдөлгөөнд оролцохгүй.
- Хойд зүгт, 32-ын тойргоос дотогш дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцох хориотой.
- Зүүн зүгт, Сансрын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэл болон Офицеруудын ордны тойрог, Чулуун овоо, Дүнжингарав захын уулзвар зэрэгт хамаарах замд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
- Урд зүгт, "Home plaza"-гийн уулзвар, 120 мянгатын уулзвар, МУИС-ийн уулзвар, Гурвалжингийн гүүрний урд "ТЭЦ-4" рүү салдаг уулвараас хойш чиглэлд дугаарын хязгаарлалт үйлчлэх тул хөдөлгөөнд оролцох хориотой.
- Баруун зүгт, Саппорогийн аюулгүйн тойрог бүхэлдээ дугаарын хязгаарлалтад хамаарах бөгөөд тус уулзвараас хойш гурав, дөрөвдүгээр хорооллын эцсийн зам болон "Өргөө" кино театрын уулзвараас Тасганы овооны уулзвар зэрэг нь дугаарын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.
Наймдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын бүсийн тэмдгийг тавих юм байна. Хэрэв дугаарын хязгаарлалтыг зөрчвөл иргэнийг 20 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгоно" гэлээ.