Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөлжээ.
Энэ талаар БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 513 тоот захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах 130 гаруй арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд БЗД-ийн 25-р хороонд шинээр хороолол баригдаж байна. Энэхүү ажлын хүрээнд барилга байгууламжийг ашиглалтад орсны дараа эхнээс нь зөв зүйтэй зургийн дагуу, чанар, норм стандарт шаардлагыг хангаж, баригдаж дуусах хүртэл хяналт тавьж ажиллана" гэсэн юм.
Харин БЗД-ийн 25-р хорооны Засаг дарга Б.Өлзий-Орших “Манай хороо 18 мянган хүн амтай. Хотын төвийн А бүс учраас үнэ цэнэтэй орон сууцны хороолол ихтэй. Мөн нэмж барилга баригдаж байна. Гэвч 25-р хорооны "Хайпермаркет" дэлгүүрийн зүүн талын нарийхан замыг эс тооцвол машинаас гадна явган хүн явах ч замгүй болчхоод байсан юм. Харин өнөөдөр Нарны замтай шууд холбох авто зам, замын байгууламж барих газрын чөлөөлөлт хийгдэж байгаад талархалтай хандаж байна” хэмээлээ.