Өнөөдөр нийслэлийн байгаль орчны газраас мэдээлэл хийлээ. Тус газарт сүүлийн 14 хоногийн байдлаар нийт 21 амьтны дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс могойн долоон удаагийн дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт дөрвөн удаагийн дуудлага, Хан-Уул болон Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд тус бүр нэг удаагийн дуудлага мэдээлэл ирсэн байна.
Могойн дуудлага мэдээллээс Бамбай хоншоорт могойн дуудлага бүртгэгдсэн бөгөөд тус могой нь хортой учир иргэд могой харсан тохиолдолд нийслэлийн байгаль орчны газрын утас болон нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвд яаралтай мэдэгдэхийг анхааруулсан юм.
Түүнчлэн Санзай ам орчимд хүрэн баавгайн мөр байгаа нь тогтоогдсонтой холбогдуулан иргэд ойн модоор аялж зугаалах үедээ сонор сэрэмжтэй байхыг НБОГ-аас анхаарууллаа.