Өнөөдөр Нийслэлийн засаг даргын тамгын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа.
Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, эрсдэлийг бууруулах чиглэлээр энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 15-ны өдөр хүртэл нэг сарын кампанит ажлыг өрнүүлэхээр болов.
Уг ажлаар гэр хорооллын айл өрхийн ханан пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, угаарын хийн хордлого болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой.
Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ " Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр өнгөрсөн жил гаргаснаар агаарын бохирдлыг 51 хувиар бууруулсан. Уг агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо дүүрэг хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нарын хүчин чармайлт ихээхэн нөлөөлсөн” гэж хэллээ.
Энэ жилийн хувьд, сайжруулсан түлшний 800-1000 борлуулалтын цэг ажиллах бөгөөд дүүрэг бүрт 60 мянган тонн түлш нөөцлөхөөр ажиллаж байгаа аж.
Б.Чингүүн