Сэрсэн даруйдаа гэрийн хаалга онгойлгоход гүн хөх нуур цэлийж харагдана. Улаанбаатар хотоос 800 гаруй км газар автобусаар явсаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Цагаан эрэг гэх газарт шөнө дунд очсон бид эргэн тойронтойгоо танилцаж амжилгүй амарцгаасан. Өндөр сүрлэг уулс, өтгөн ногоон моддын доор мэлтийх далай ээжийгээ мэргэжил нэгт нөхдийн хамт эргэн очиж, амар мэндийг нь “асууж”, ая тухтай амрах боломж олдсон юм. Тодруулж хэлбэл, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, “Мазаалай номадик тур” компанийн хамт олон хэвлэл мэдээллийн салбарын 40 орчим сэтгүүлч, зураглаачийг байгалийн үзэсгэлэнт газраар аялуулж, сургалт, нөхөрлөлийн арга хэмжээ зохион байгуулсан нь энэ. Өнгөрсөн жил тус холбооныхон Байгал нуураар сэтгүүлчдийг аялуулсан бол энэ удаа цар тахлын улмаас дотоодын аялал жуулчлалын гол төлөөлөл болох Хөвсгөл нуурыг онцолжээ. Жанхайн даваа өгсөх үед автобусанд маань бага зэргийн “асуудал” үүссэнийг эс тооцвол аян замдаа сайн явж хүрсэн.
Монголчууд бид Хөвсгөл нуураа далай хэмээн дээдлэн, хайрлан, хамгаалж ирсэн. Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр көп су көл буюу их устай нуур гэсэн үг аж. Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн. Хөвсгөлийг дэлхийн эртний 17 нуурын нэг буюу хоёр сая гаруй жилийн настай хэмээдэг. Нутгийн настны хэлснээр Хөвсгөл нуур цаг агаарын байдлаас шалтгаалан өнгөө хувиргадаг гэнэ. Тогтуун, нартай, салхитай, эсэхээс шалтгаалан гүн цэнхэр, эсвэл цагаарч харагддаг аж. Хөх тэнгэр мэт хөхөрч харагдах нуурыг би анх удаа очиж үзсэн тул бүх зүйл нь гайхалтай сайхан, нүд, сэтгэл баясгаж явлаа.
Биднийг найрсгаар хүлээн авсан газар бол Цагаан эрэг дэх “Байгаль-Үүд” жуулчны бааз. Тус баазын захирал, Хөвсгөл дэх аялал жуулчлал эрхлэгчдийн холбооны тэргүүн Я.Отгонбаяр яриа хөөрөө сайтай, тал бүрийн авьяастай эмэгтэй аж. 20-иод жилийн өмнө хоёр гэр, ганц нохойтой тус газарт төвхнөж байсан бол өдгөө 20 гаруй гэр, байшин, зоогийн газартай болж өргөжжээ. Зай талбай жижиг ч дулаан, сайхан мэдрэмж төрүүлэхүйц модон хийцтэй зоогийн газарт бид өглөөний ундаа уугаад цаа буга харж, нутгийн иргэдийн ур, ухаанаа шингээсэн бүтээлтэй танилцсан билээ. Тус жуулчны баазаас холгүйхэн байх худалдааны цэгт цаатан түмний онцлогийг илтгэх хувцас, ахуйн хэрэглэл, усан болор, мана, шүр, сувдаар урласан ээмэг, зүүлт, бугын эврэн аяга, хундага, арьс, ширэн цүнх, ноос, ноолууран бүтээгдэхүүн гээд байхгүй юмгүй. Улаанбаатар хотод банкны картаар үйлчлүүлээд сурчихсан бидний хувьд тэнд бэлэн мөнгөний хомсдолд орсон. Банкны карт уншигч байхгүй учир интернэт ашиглан мөнгө шилжүүлэх гэтэл утасны сүлжээ унаж, тэвчээр шалгасан юм.
Цагаан утас татаж, тусгаарласан хэсэгт нэвтрэхэд 1000 төгрөгийн хураамжтай. Төлбөртэй хэсэгт нэвтэрснээр цаатан хүмүүсийн хувцас, хэрэглэлийг өмсөж, цаа бугатай зургаа татуулах боломжтой. Хувцас өмсгөлийн “түрээс” нь 3000 төгрөг бөгөөд зургаа авхуулж, газар дээр нь хэвлүүлж авахад 8000. Модноос уяатай байх цаанууд олны шуугианд дасжээ. Үзүүлэн мэт болсон тэдгээрийг илж, эвэр, биед нь хүрэхэд үргэж, аашлахгүй, номхон юм. Толгойн гоёл зүүж, хүннү дээлээр гоёсон бүсгүйчүүд бүгд Содура “болсон” бол арьсан дээл сугалдаргалсан эрчүүд хүнхэр тайгын эзэн мэт сүртэй харагдаж байлаа. Амарч, зугаалж, аялж яваа нөхөд худалдааны энэ бяцхан цэгээр дамжин өнгөрдөг тул шорлог, эмийн ургамал гээд элдэв төрлийн зүйл өчнөөн.
Нүд, сэтгэлээ баясгасны дараа бид номын дуу сонсож, чихээ “онгойлголоо”. Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн сургагч багш А.Амартүвшин “Сэтгүүлчдийн аюулгүй байдал, хамгаалалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагынхны аюулгүй байдал бие махбод, сэтгэл зүй, цахим орчинд алдагдаж буй талаар ярилцсан юм. Сэтгүүлчдийн аюулгүй байдал хангагдаагүй, тэд хамгаалагдаагүй бол үзэл бодол, мэдээлэл солилцох олон нийтийн талбарын хувьд хэвлэл мэдээллийн мэргэжлийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ гэдгийг тэрбээр онцолсон. Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшнл” төвөөс өнгөрсөн онд гаргасан сэтгүүлчийн аюулгүй байдлын түвшин тодорхойлох судалгаагаар сэтгүүлчдийн аюулгүй байдал алдагдсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгаанд хэвлэл мэдээллийн байгууллагын 300 сэтгүүлч хамрагдсан байна. Мэдээлэл өгөхөөс татгалзсан явдал 10 сэтгүүлч тутмын долоод нь дор хаяж нэг удаа тохиолдсон байна. Тэр ч бүү хэл, таван сэтгүүлч тутмын нэгийг түлхэх, цохих зэргээр биед нь хөнгөн болон хүнд гэмтэл учруулжээ. Хэрэв ямар нэгэн дарамт, шахалтад орсон бол эрхлэгч, бусад сэтгүүлчид мэдэгдэхээс гадна гэр бүлийнхэндээ ч хэлэх хэрэгтэй гэнэ. Тогоон доторх асуудлаа төдийлөн ил гаргах дургүй сэтгүүлчид энэ удаа халуухан маргаан өрнүүлсэн юм. Өрөөлийн төлөө гүйдэг хэрнээ өөрийн төлөө дуугардаггүй сэтгүүлчдийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал алдагдсан нь олон нийтийн мэдээлэл олж авах эрх зөрчигдсөн гэсэн үг билээ.
Баг бүрэлдэхүүний олонхыг залуус эзэлсэн бол радио, өдөр тутмын сонинд олон жил ажилласан мундаг сэтгүүлч цөөнгүй. Бүгд нэг зорилго, нэгдмэл санаатай байж, сэтгүүлч хэмээх эрхэм мэргэжлийн нэр хүндийг өргөж, олон нийтийн итгэлийг олж авах боломжтой гэдэгт санал нэгдсэнийг хэлэхэд илүүдэхгүй биз. Хэцүү, бэрхийг ч үл ажран, ханцуй шамлаад “орчихдог” сэтгүүлчийн ажил хүнд бөгөөд сэтгэл зүйн хямралд өртөх тохиолдол цөөнгүй. Хэвлэл мэдээллийн салбарт сэтгэлзүйч хэрэгтэйг ч дурдсан. Шинэ төрлийн коронавирус дэгдсэн энэ үед сэтгэл зүйн дарамтад хамгийн их өртөж буй хүмүүс нь сэтгүүлч гэнэ. ЭМЯ-ны мэдээллийг өдөр бүр олон нийтэд түгээхдээ иргэн хүний хувьд сэтгэл зүйн дарамт, айдаст автаж буй талаар олон улсын зөвлөмжид дурдсан байна.
Сургалтын дараа бид аялагчдын хамгийн дуртай моторт завиар зугаалсан юм. “Сүхбаатар” хөлөг түр “амарсан” тул бид моторт завиар Хүслийн хад хүртэл аялав. Завь хүчээ авахад гүн хөх далайн ус хоёр тийш ярагдан, сүртэй хүнгэнэж сонстоно. Туршлагатай жолооч нуурын эрэгт ойртонгуутаа бүтэн эргэж, тэнд суусан зорчигчдын зүрхний хэмнэлийг хурдасгав. Хүслийн хад хүрээд буцаж жуулзны баазад ирэхэд цаг гаруйн хугацаа зарцуулсан. Сэтгүүлчид уг хадан дээр гарч, хүслээ шивнэн, нуураа тольдон хэсэг саатав. Ой тайгаар хүрээлэгдсэн, байгалийн үзэсгэлэнт энэ газрыг эко аяллын бүс болгохоор шийдвэрлэсэн юм. Тийм ч учраас унаган дагшин байгаль, чимээ аниргүй байдал энд ноёлно. Моторт завинууд дуу чимээ ихтэй тул тоог нь цөөлсөн талаар Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбооны тэргүүн Я.Отгонбаяр ярив. Түүнтэй хэсэг хөөрөлдлөө. “Байгаль-Үүд” жуулчны баазаа хэрхэн байгуулсан талаар сонирхоход “1998 онд хоёр, гурван ажилтантай бизнесээ эхлүүлсэн. Тэр үед автомашин ховор тул 10 шар хөллөсөн тэргээр Жанхайн даваагаар мод зөөж, жуулчны баазынхаа суурийг тавьж байлаа. 2004, 2005 онд гадаадын жуулчин олноор ирдэг байсан. Тэр үед жуулчны бааз цөөхөн байсан бол 2008 оноос нэмэгдэж, 80 гаруй болсон. Манай бааз зуны гурван сард 1000 орчим жуулчин хүлээн авдаг. Олон жил хамтран ажилласан компаниуд жуулчдаа манайх руу явуулдаг юм. Цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоох гэж байсан ч ажилчдаа бодоод нээсэн. Энэ нь онож, дотоодын жуулчин чамлахааргүй ирлээ. Гадаад, дотоодын жуулчдын онцлог, ялгаа их. Гадаадынхан морь унах, явган алхах, ууланд гарах, завиар аялах сонирхолтой бол дотоодынхон гадагш гарах бус, танхимд бүжиглэх, дуулах дуртай. Аялагчид нуурын эрэг дагуу хог их хаядаг байсан. Манай холбооныхон, тусгай хамгаалалттай газрын ажилчидтай хамтран жилд хоёр удаа хог хаягдал цэвэрлэдэг. Мөн хог гэлтгүй, дуу чимээний бохирдол ихтэй. Тиймээс жуулчны баазууд 23.30 цагаас хойш их дуу чимээ гаргахыг хориглосон” хэмээв.
Монгол Улс Хөвсгөл нуураа түшиглэн, эко аяллын бүс болгон хөгжүүлж, гадаадын жуулчдыг татаж чадвал дотооддоо хөрөнгө босгох боломжтойг Я.Отгонбаяр онцолсон. Гэвч нутгийн иргэд энд, тэнд зөвшөөрөлгүй гэр, байшин барьж, хямд өртгөөр жуулчдыг татах болсон нь энэ чиглэлийн бизнес эрхлэгчдэд чирэгдэл учруулж буй гэнэ. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх, цэгцлэх асуудлаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлтэй тус холбооныхон ирэх сарын эхээр уулзахаар товложээ.
Үзэг нэгт нөхдийн хамт ийнхүү цэнгэг уст нуурын эрэгт гурав хоног саатлаа. Хөвсгөл нуурыг түшиглэсэн аялал жуулчлалын томоохон бүс болгон хөгжүүлэхэд хийх ажил маш их харагдсан. Юун түрүүнд жуулчны баазуудын аль нь гадаад, дотоодын аялагчид авахыг тодорхой болгон цэгцлэх хэрэгтэй санагдана. Монголчууд дуулж, хуурдаад наргиж, цэнгэж хоноход их чимээнээс дайжсан, нам гүмд дурласан гадаадынхан дорхноо дайждаг гэнэ лээ.