Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын санаачилгаар “Хоггүй Монгол” төрийн бус байгууллага, “Газар шим”, “Сан-Оргиу” компани, “Төвшин сайхан төв”, “Хогоо багасгая-царцаа ногоон” зэрэг байгууллага хамтран “Хог биш мөнгө” аян өрнүүлж эхэлжээ. Үүний хүрээнд дахивар авах явуулын станц Хан-Уул дүүрэгт ажиллуулж буй гэнэ. Тодруулбал, явуулын станцынхан долоо хоног бүр өөр газарт байрлаж, иргэдээс хаягдал худалдан авдаг байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд ХААИС-ийн хойд талын авто зогсоолд байрласан аж. Тэд чанамалын шилийг 60-80, дарс, шар айраг, архины шилийг 20, ус, ундааны хуванцар савыг 100, гялгар уутыг 50 төгрөгөөр үнэлдэг. Харин хуучин хувцас, эд зүйл, ном, дэвтрийг үнэгүй авч, дүүргийнхээ эмзэг бүлгийн өрхүүдэд хандивлахаар болжээ.