Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Талх чихэр”, “ЛэндМН ББСБ” компани энэ оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа өчигдөр цахимаар танилцууллаа. 1-6 дугаар сард “Талх чихэр”-ийн борлуулалтын орлого 28.8 тэрбум төгрөгт хүрсэн нь 2019 оны мөн үеийнхээс 3.5 тэрбумаар өссөн дүн болов. Цэвэр ашиг нь 8.9 хувиар нэмэгдэн 818.2 сая төгрөгт хүрсэн аж. Тус компани энэ онд багтаан маркетинг хөгжүүлэлтийн шинэ бодлого баримталж, хэрэглээний шинэ соёл бий болгохоор ажиллаж буй гэнэ. Мөн цахим худалдааны платформын хөгжүүлэлтээ эхлүүлсэн байна.
“ЛэндМН ББСБ”-ын цэвэр ашгийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 12 хувиар өсөн, 2.8 тэрбум төгрөгт хүрснийг мэдээллээ. Тайлант хугацаанд нээлттэй өрийн хэрэгслийг амжилттай гаргаж, жилийн 17.5 хувийн хүүтэйгээр таван тэрбум төгрөг татан төвлөрүүлснээ дурдлаа. Цаашид системийнхээ хөгжүүлэлтийг ахиулж, зээлийг хэсэгчлэн төлөх болон бонус онооны тусламжтайгаар шимтгэлийн хэмжээг бууруулах боломж бүрдүүлэхээр ажиллаж буй гэнэ.