Амралтын өдрүүдэд тээврийн цагдаагийн албаны хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 326 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж, орон нутагт гурван хүн нас баржээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Норовлин сумын “Хар чулуут” гэх газарт 8 дугаар сарын 8-ны шөнө “Toyota Hilux” маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 57 настай эрэгтэй Н-ыг мөргөж амь насыг нь хохироосон байна.
Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын "Улаан эрэг" гэх газарт бямба гарагт “Hyundai Porter” маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч, 3 настай, эрэгтэй Б-г мөргөсөн хэрэг гарчээ.
Өмнө-Говь аймгийн Цогтцэций сумын “Шороотын ус” гэх газарт шороон замд 8 дугаар сарын 8-ны 19.00 цагийн орчим “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 53 настай, эрэгтэй Ө нас барсан байна.
Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлж, явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Тиймээс орон нутгийн замд хурдаа тохируулж явах, жолооч, зорчигч нар хамгаалах бүсээ бүслэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохоос өмнө автомашинаа тойрч шалгахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.