2020.08.06. Баянзүрх дүүргийн XI хороо, Маршалын гүүрний уулзвараас “будаг нь ханхалсан” нэгэн шинэ зам зүүн тийш зурайжээ. Замын эхэнд “Энд барилгын ажил явагдаж байна” гэсэн бичигтэй самбар байрлуулаад, хаачихаж. Хажуугийнх нь шороон замаар дугуй жийсээр ирсэн залуугаас энэхүү шинэ бүтээн байгуулалтын талаар лавлахад “Нээх болоогүй юм шиг байна. Зориулалтын замтай болсон гэхээр нь сонирхоод, шороотой хэсгээр давхисаар төгсгөлд нь хүрлээ” гэв. “Дүнжингарав” худалдааны төвийн урдуур амдаж, замын гол хэсэгт, Баянзүрхийн гүүрний уулзвар хүрч, төгсгөл хавьцаа нь очиход нэг ч зорчигч харагдсангүй. Нам гүм, эл хуль. 2020.08.08. Шинэ замын эхэнд дахин ирлээ. Амралтын өдөр арай өөр байх болов уу гэж тооцоолсон нь үгүй аж. Дугуйтай зорчигч нэг ч үзэгдсэнгүй. “Энд барилгын ажил явагдаж байна” гэсэн өнөөх самбар угтав. Гэвч замын ажил гүйцэтгэж буй хүмүүсийн бараа сураг ч алга. Урд даланд хүнд машин механизмтай “ноцолдох” залуусаас замын компанийнхныг сураглахад “Дуусгаад явцгаасан юм шиг байна лээ. Хэд хоногийн өмнө нэлээд олуулаа ажиллаж байсан” гэв.
Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд Улаанбаатарт дугуйн замын хүртээмжийг сайжруулах зорилт тусгасан. Энэ хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр чиглэлд 52 км үргэлжлэх дугуйн зам тавихаар болж, эхний ээлжид Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх 7.2 км газарт бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн юм. Туул голын эрэг дагуух энэ хэсгийн замыг ашиглалтад оруулах цаад хугацаа нь 2020 оны зургадугаар сарын 15 гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан мэдээлж байв. Үүнээс хойш хоёр сар орчмын хугацаа өнгөрсөн ч нийслэлчүүдэд шинэ замыг нь хүлээлгэж өгсөнгүй. Замын хучилт, тэмдэг, тэмдэглэгээг тавьж дууссан ч тохижилтын ажил дутуу гэх шалтгаанаар энэхүү замыг “хориотой бүс” болгоод буй аж. Газар дээр нь очиход ийм (дээр дурдсанчлан) байдалтай угтав. Шинэ замыг хэзээ нээх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Гол ажлыг гүйцэтгэсэн учир удахгүй” гэв. Харин Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх дугуйн замын ажлыг 45 хүн, 12 техникийн тусламжтай гүйцэтгэж дууслаа. 5.6 км замд хөвөө нягтруулах, далан засах ажил гүйцэтгэснийг шалгасан.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нэгдүгээр ээлжийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, ийм ажлууд хийлээ. Хоёрдугаар ээлж буюу зам дагуух гэрэлтүүлэг, хамгаалалтын хайс, хашлага, автомашины зогсоол, бие засах газар байгуулах ажлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж буй ч гүйцэтгэгч нь одоо хүртэл тодроогүй” хэмээн фэйсбүүктээ энэ сарын 1-нд бичсэн байв. Гэвч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрынхан үүнээс дөрөв хоногийн дараа л замын ажлын тендер шалгаруулалтыг зарлав. Тендерт оролцогчдын мэдээллийг ирэх сарын 4 хүртэл хүлээж авна гэнэ. Тэгэхээр тус хэсгийг тохижуулах ажил хичээлийн шинэ жилтэй уралдан эхэлж, ирэх арав, арваннэгдүгээр сар хүртэл “хаалттай” хэвээр байх зураглал гарч буй юм. Иргэдийнхээ эрүүл мэнд, байгаль орчноо бодсон ч тэр Улаанбаатарт дугуйн зам юу юунаас ч хэрэгтэй. Хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах оновчтой шийдлүүдийн нэг нь энэ. Дугуй байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хамгийн тустай тээврийн хэрэгсэл учир дэлхийн хөгжингүй орнууд ийм төрлийн унааг иргэдийнхээ гол хэрэглээ болгоход анхаарч буй. Манайд ч энэ чиглэлийн цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, дугуйн зориулалтын гэх зам тавьдаг ч “хэсэг бусаг”, “хэврэг” бүтээн байгуулалт иргэдийн сэтгэлд тэр бүр хүрдэггүй. Тэгвэл Авто замыг 2030 он хүртэл хөгжүү¬ лэх мастер төлөвлөгөөнд тусгасан дугуйн замуудыг байгуулахдаа дээрх дутагдлуудыг засаж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлнэ гэж холбогдох албаныхан мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, чанартай, авто замаас ангид, аюулгүй байдал хангасан бүтээн байгуулалт хийхээр зорьсон. Олон улсын стандарт, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас энэ оны эхэнд баталсан “Унадаг дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавигдах шаардлага”-д нийцүүлэн тус замыг тэмдэг тэмдэглэгээ, зогсоол, гэрэлтүүлэг, амралтын цэг гээд иж бүрэн тохижилттой хийхээр зорьж буй нь сайшаалтай. Иргэд ч ам сайтай байна. Газар дээр нь очиход ч өөлж гоочлох зүйл байсангүй. Авто замууд шинэ дээрээ цөм л ийм байдаг учир чанарын тухайд дүгнэж хэлэхэд эртэднэ. Тэгээд ч дугуйн зам иж бүрэн тохижилттой байх олон улсын стандартаар бол дээрх чиглэлд хийх ажлын дөнгөж “хундаам” нь цутгагджээ. Тиймээс 1.9 тэрбумаар босох шинэ дугуйн замын өнгө төрх, чанарт дүн тавих хамгийн тохиромжтой үе ирэх намар болох нь. Энэ хугацаанд байгаль дэлхий ч “зүгээр суулгүй”, зарим ажилд нь дүн тавьж мэднэ.
Дугуйн шинэ замаар зорчсон хоёр иргэний сэтгэгдлийг сонирхлоо.
С.ДАВААСАЙХАН: ХҮЙТРЭХЭЭС ӨМНӨ ЗАМАА НЭЭХ ХЭРЭГТЭЙ
(Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн багш)
-Хоёр өглөө энэ замаар зорчлоо. Боломжийн санагдлаа. Хүн дайрчих болов уу, авто зам руу орчих вий гэж эмээхгүй, тайван, тухтай явлаа. Зориулалтын замгүйн улмаас хөдөлгөөнд оролцож чаддаггүй хүмүүс дугуйгаа ашиглах нөхцөл бүрдлээ. Харин одоо энэ чиглэлийг албан ёсоор нээх хэрэгтэй.
Тохижилтын ажлыг замаас тусгай зайд хийх учраас төвөггүй болов уу. Хүйтрэхээс өмнө дугуйчид тааваараа сайхан жийгээд аваг л дээ.
М.ОДБАЯСАХ: ДУГУЙ ТҮРЭЭСЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭЭСЭЙ
(Дугуйн спорт сонирхогч)
-Дугуйн замын асуудал үнэхээр хүндрэлтэй. Хотын төвд дугуй унах талаар бодоод ч хэрэггүй. Би амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг л зорьдог. Гүйдэг, дугуй унадаг хүмүүс тэнд очдог болохоор хөл хөдөлгөөн ихтэй. Өглөө эрт очихгүй бол оройд хүүхэд, багачууд дайрагдчих гээд хэцүү. Өнгөрсөн долоо хоногт шинэ замаар явж үзсэн. Гүйж байгаа хүмүүс ч таарсан. Замын уулзвар, эсвэл амралтын цэг байгуулах хэсэгт дугуй түрээслүүлэх үйлчилгээ нэвтрүүлбэл тохиромжтой санагдлаа. Зөвхөн Хан-Уул, Баянзүрх гэлтгүй хотын бүх дүүрэг, хорооллынхон энэ замыг зорих байх. Тэнд дугуйгаар хүрэх зориулалтын зам байхгүй учраас бас л асуудал үүснэ. Тиймээс ийм үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй.