АНУ-ын Небраск мужид эгч дүү хоёр коронавирусын ачаар 50 жилийн дараа дахин нэгдлээ гэж UPI сонин мэдээлэв. Тус сонинд бичсэнээр 73 настай Дорис Криппен өнгөрсөн тавдугаар сард өвджээ. Тэрээр байдаг л нэг ханиадтай гэж бодож байсан ч бие нь улам сульдсаар унаж гараа хугалсан байна. Эмнэлэгт хэвтэн шинжилгээ өгтөл COVID-19-тэй гэж хариу гарсан аж. Криппен бараг 30 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийхээ дараа Фремонт хотын нөхөн сэргээх төвд хандсан байна. Тус төвд асрагч хийдэг 53 настай Бев Боро гэдэг эмэгтэй үйлчлүүлэгчдийн нэрсийн жагсаалтад Дорис Криппен гэдэг нэрийг хараад эгч нь гэдгийг шууд ойлгожээ. “Би эхлээд нүдэндээ итгээгүй. Нэрийг нь хэд хэд уншсаны дараа “Бурхан минь энэ чинь миний эгч байна” гэж дуу алдсан” гэж сонин Бев Борогийн үгийг иш татсан байна.. “Бурхны ерөөлөөр би өвдөж, тэгээд энэ төвд иржээ. Хэрэв тэгээгүй бол би дүүгээ олохгүй байлаа” гэж Дорис баярласнаа илэрхийлжээ. Эгч дүү хоёр эцэг нэгтэй эх ондоотой охид аж Тэд нэг нэгнийгээ хайж олон жил болсон байна. Ийнхүү коронавирусийн ачаар хагас зуун жилийн дараа нэгэн гэр бүл нэгджээ.