УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 17-нд эхлүүлэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргалаа. Чуулганаар есөн асуудал хэлэлцэхийг тогтоосон байна. Тодруулбал, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэж, батлах юм. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн, Нийгмийн даатгалын сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Түүнчлэн Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэхийг тусгажээ. Үүнээс гадна Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн, Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь. Хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй нэг хуулийн төсөл болох Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг мөн үүнд багтааж байгаа юм. УИХ-ын тухай хуульд Ерөнхийлөгчийн өнгөрсөн тавдугаар сарын 26- нд тавьсан хоригийн талаар бас хэлэлцэх гэнэ. Чуулганы төгсгөлд УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах юм байна.