Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх талаар судална" хэмээн тус олон улсын байгууллагын уулзалтад оролцож үг хэлэх үедээ мэдэгдсэн. ШХАБ дахь Монгол Улсын ажиглагчийн статусыг үндсэн гишүүний статус болгож хувиргахыг манай зарим улс төрийн хүчин эрс эсэргүүцэж буй.
Тэгвэл энэ асуудлаар Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар өнөөдөр мэдээлэл хийх үедээ ийнхүү ярьжээ.
Тэрбээр "ШХАБ-д Монгол Улс элсэх эсэх асуудлыг судалж байгаа. ШХАБ бол бүс нутгийн хамгийн том байгууллагуудын нэг. Биднийг тойрсон 3.5 тэрбум хүнтэй интеграцын байгууллага юм. Үүнд элсэх эсэх асуудал нь Монгол Улсын бүрэн эрхэд хамаарна.
Монгол Улс ШХАБ-д элсэх үү, үгүй юу, элсэх тохиолдолд ямар эерэг үр дүнтэй вэ гэх зэргээр судалж байна. Элсэх асуудал огт яригдаагүй. Аливаа олон улсын байгууллагад элсэх тухай асуудал гарч ирэхэд нарийн судалгаанууд хийгддэг" гэлээ.