Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталсан бөгөөд тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор “Эцэг хууль”-д нийцүүлэн 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 11 хуульд шинэчилсэн найруулга хийн, гурван хуулийг шинээр батлах юм. Тодруулбал, УИХ-ын 2020 оны хоёрдугаар тогтоолын дагуу “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийг баталсан. Үүнд хууль батлах ажлыг дөрвөн хүрээнд авч үзжээ.
Эхний буюу парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ашигт малтмалын, Төрийн болон орон нутгийн өмчийн, Байгаль орчны, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний, Цөмийн энергийн, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний баялгийн сангийн тухай болон Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ онд багтаан хэлэлцэж, батлах хуваарьтай. Мөн Төрийн хяналт, шалгалтын, Төсвийн тухай, Улс төрийн намын, Улс төрийн намын санхүүжилтийн, УИХ-ын, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, Хууль тогтоомжийн, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд багтаан батлахаар тогтоол гаргасан юм. Эдгээрээс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын, Төрийн аудитын, УИХ-ын, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн парламентын үед баталсан билээ.
ТАВАН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТАЛЖЭЭ
Хоёр буюу Үндсэн хууль дахь гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын, Ерөнхийлөгчийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн, батлах юм. Эдгээрээс Засгийн газрын тухай хуулийг хаврын чуулганаар баталсан билээ. Ингэснээр Үндсэн хуульд нийцүүлж таван хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар хэлэлцэн баталжээ. Харин “Эцэг хууль” дахь шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ямар ч хууль, тогтоомж “засаагүй” аж. Тодруулбал, Шүүхийн захиргааны, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн сахилгын хорооны тухай хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцэн батлах нь. Харин Шүүх байгуулах тухай болон Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 онд багтаан батлахаар хуваарьт тусгажээ.
Үндсэн хууль дахь нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Хот, тосгоны эрх зүйн байдлын, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчийн, Төсвийн, Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 онд багтаан батлахаар төлөвлөсөн юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Д.Тогтохсүрэн тэргүүтэй гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан билээ. Үүнийг удахгүй эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх юм.
ЗАРИМ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭЖ АМЖААГҮЙ
Засгийн газрын 2020 оны 66 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөөг баталжээ. Үүний хүрээнд холбогдох 20 гаруй хуулийн төслийг бэлтгэхийг хугацаа, агуулгатай нь яамд, харьяа агентлагуудад хүргүүлсэн байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нөөц ашигласны төлбөр, бусад төрлийн татварын зохицуулалтыг тодорхой болгох, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох агуулгатайгаар боловсруулахыг УУХҮЯ, БОАЖЯ, Сангийн яаманд үүрэг болгожээ. Дээр дурдсан хуулийн төслүүдээс Засгийн газрын болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-аар батлуулсан бол нэгийг нь өргөн мэдүүлсэн, бусдыг нь судалж, боловсруулах шатандаа байгаа аж.
Өнгөрсөн хаврын чуулганаар 17 асуудлыг хэлэлцэхээр УИХ-аас тогтоол гаргасан бөгөөд үүнд тусгасан Үндсэн хуульд нийцүүлж “засах” зургаан хуулийн төслийг хэлэлцэж амжаагүй. Эдгээр нь Ерөнхийлөгчийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын, Хот, тосгоны эрх зүйн байдлын, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Улс төрийн намын санхүүжилтийн, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл юм.