Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Д.Тогтохсүрэн тэргүүтэй зургаан гишүүн 2020 оны дөрөвдүгээр сарын 22-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх аж. Үүний хүрээнд хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг энэ сарын 3-нд байгуулсан юм. Тэрбээр хуулийн төслийг хэлэлцүүлэхэд бэлдэж буйг мэдээлж, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг амилуулах, нутгийн өөрөө удирдах ёсыг шинэ шатанд гаргах, олон жил ярьсан, хийж чадахгүй байсан тодорхойгүй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн, орон нутгийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах ач холбогдолтой. УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэсэн асуудлаас гадна энэ хуулийн төслийг хэлэлцэнэ. Учир нь орон нутгийн сонгуулийн өмнө уг хуулийг баталснаар цаашид аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо эрх зүйн шинэ орчинд ажиллах боломжтой” гэлээ.
Энэ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор дөрөвдүгээр сарын 28-нд хэлэлцэн, дүгнэлт гаргаж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулсан билээ. Уг санал, дүгнэлтэд “Орон нутагт улс төржилтөөс ангид байх, сумын ИТХ-д намаас нэр дэвшүүлэхгүй, нийслэлийн ИТХ-ыг дүүргийн ИТХ-аас сонгож байгуулах, чөлөөт цагт Тэргүүлэгчид хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан буруу жишгийг халж ИТХ асуудлаа бүрэн бүрэлдэхүүнээр нь шийдвэрлэх хамтын удирдлагын байгууллага байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн иргэдийн итгэлийг алдсан хариуцлагагүй төлөөлөгчдийг эргүүлэн татах, нэгдмэл хариуцлагатай улс төрийн шинэ соёл нэвтрүүлэх зорилгоор дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд шат шатны Засаг дарга нарын томилгоонд саналаа илэрхийлдэг байх, орон нутгийн санхүү, эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн орчин бүрдэнэ гэж үзэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийг боловсруулсан байна. Түүнчлэн орон нутаг эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэдэг болгох зорилгоор тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид ногдуулсан албан татварын тодорхой хувийг тухайн нэгжид хуулиар хуваарилах, Татварын ерөнхий хуулийн 7.2.15-д заасан татварын орлогыг орон нутагт бүрэн үлдээх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж орон нутгийн төсвийн төслийг боловсруулах, төсвөө бие даан батлах, төрөөс олгох татаас, тусгай зориулалтын шилжүүлгийг тухайн нэгж тус бүрт нэр заан батлах зарчмыг тусгасан” гэж бичжээ.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дээрх шинэчилсэн найруулгын төслийн ялгаатай, онцлох заалтуудаас дурдъя.
Шинэчилсэн найруулгын төсөлд аймаг, нийслэл, сум, дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах чиг үүрэг нэмэгджээ. Түүнчлэн багийг аравтын зохион байгуулалттай болгож, нутгийн байршил, хүн амын суурьшил, өрхийнх нь тоог харгалзан Иргэдийн нийтийн хурлын бүтцийг бий болгох, эсэх талаар тусгасан аж. Аймаг, нийслэл, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх зохицуулалт хэвээр байна. Харин ээлжит сонгуулийн жил шинээр баг, хороо, сум, дүүрэг байгуулах, татан буулгахыг хориглодог байсан бол дээрх хуулийн төсөлд “Ээлжит сонгуулийн жилээс өмнөх нэг жилийн дотор...” гэж өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндсийг бүрдүүлэх талаар шинэчилсэн найруулгын хоёрдугаар бүлэгт тодорхой тусгасан байна. Тодруулбал, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, хуулиар тогтоосон хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, орон нутаг дахь татварын хувь хэмжээг тогтоох талаар дурджээ. Мөн аймаг, нийслэл, сум, дүүрэг нь бие даасан төсөвтэй байж татвар, татварын бус орлого, улсын төсвийн санхүүжилт, хуулиар тогтоосон бусад эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлэх талаар заасан байна. Үүнээс гадна аймаг, нийслэл, сум, дүүрэг нь Төсвийн тухай хуульд зааснаас бусад төрлийн сантай байж, төсвийн бус хөрөнгөөс эх үүсвэрээ бүрдүүлэх боломжийг нээжээ. Нийслэлийн ИТХ-ыг дүүргийн ИТХ-аас сонгож байгуулна гэх шинэ зохицуулалтыг 2024 оны ээлжит сонгуулийн жилээс мөрдөхөөр төсөлд тусгасан байна. Мөн сумын ИТХ-ын сонгуульд улс төрийн нам оролцохгүй гэх заалтыг шинэчилсэн найруулгын 35.3-т нь оруулжээ. Үүнээс гадна ИТХ-ын төлөөлөгчдийнх нь тоонд өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоог хүн амын байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг нь харгалзан тусгай томьёогоор бодож тогтоодог байсан бол хуулийн төсөлд 50 мянга хүртэлх хүн амтай бол 25, 50 000-70 000-д 29, 70 001-90 000-д 35, түүнээс дээш 41 төлөөлөгчтэй байхаар тусгасан аж. Харин сумын ИТХ-ын төлөөлөгчдийн тооны хувьд 2000 хүртэл хүн амтай бол 15, 2001-5000 бол 21 гэх заалт нь хэвээрээ бол 5001-9000-д 25 (хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар энэ тоо 29), 9001 дээш бол 29 (хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар энэ тоо 31) “суудалтай” байхаар өөрчилжээ.
Өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөл нь зургаан бүлэг, гурван дэд бүлэг, 81 зүйлээс бүрдсэн бөгөөд зүйл, заалтаас нь шалтгаалж 2020, 2021, 2022, 2024 оноос мөрдөх гэнэ. Түүнчлэн баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрийн удирдлагын бусад хэлбэрийг хэрэгжүүлэх, сум, дүүрэг нь өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж болж, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байх нөхцөлийг уг хуулиар бүрдүүлэх тухай үзэл баримтлалд нь бичжээ. Мөн ИТХ-ыг улс төрөөс ангид байлгах зорилгоор үйл ажиллагааг нь намын бүлгээр бус, байнгын, түр хороо, ажлын хэсэг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэртэй байх зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс гадна Үндсэн хуулийн хүрээнд Засаг дарга дээд шатны Засаг дарга болон Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээж, огцруулах асуудлыг нь тэд шийдвэрлэж байхаар, хэрэв хурлын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа бол тухайн шатны ИТХ-тай зөвшилцөж, шийдвэрлэхээр зохицуулалт оруулсан аж.