“Мартагдсан дууль” киноны Жаргалмаа охины дүрийг мэдэхгүй хүн үгүй. Тэгвэл тус кинонд “Орифлэйм” компанийн үүсгэн байгуулагч Г.Оюунгэрэлийн охин Ж.Ундаръяа тоглосон гэнэ.
Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” киноны дөрвөн хүүгийн нэг Идэрийн дүрийг бүтээсэн Н.Бат-Амгалан. Тэрбээр тус киноны найруулагч И.Нямгаваагийн хүү аж. Мөн тэрбээр “Дэгдээхэй нас” кинонд дүр бүтээжээ. Өдгөө тэрбээр тогооч мэргэжлээр ажиллаж байгаа юм байна.
Мөн “Гарын таван хуруу” киноны модон зарааны эзэн Гэрлээ охины дүрийг нэвтрүүлэгч Б.Гантигмаа бүтээжээ. Тэрбээр МУГЖ С.Бужгар агсны охин юм.
“Зүрхэнд шивнэсэн үг” киноны гол дүрийн охиныг мэдэхгүй хүн цөөн. Түүнийг Б.Эрдэнэцэцэг гэдэг. Тэрбээр СУИС-ийн сэтгүүлчийн ангид суралцаж төгсөөд БНСУ-д үргэлжлүүлэн суралцаж байгаа аж.
“Сэрэлт” киноны 19 настай лам хүү Пүрэвжавын дүрийг бүтээсэн МУГЖ Лувсанжамцын Банзрагч. Тэрбээр Монголын фм радиод 40 жил найруулагчаар ажиллажээ.
“Жинжиймаа” киноны Хонгорзул охины дүрийг бүтээсэн П.Оюун-Эрдэнэ. Тэрбээр 16 жилийн дараа тус кинонд хамт тоглож байсан жүжигчин П.Цэрэндагватай хамтран “Хүн мод” кинонд дүр бүтээжээ.
Д.БЯМБАСҮРЭН