Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтэй уулзлаа. Элчин сайд Чай Вэньруй үүрэгт ажилдаа орсонд нь Гадаад харилцааны сайдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Сайд Н.Энхтайван “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Итэй утсаар ярьж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх талаар санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ. Ялангуяа цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлж, цар тахлын эсрэг вакциныг БНХАУ-д бүтээсэн тохиолдолд Монголд аль болох богино хугацаанд нийлүүлэх хүсэлт тавьсан” хэмээв.
Сайд нар боломжит нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх тухай ярилцлаа. Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх нь чухал болохыг онцлон тэмдэглэж, томоохон төслүүдийг идэвхжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Дараа нь Гадаад харилцааны сайд Н.Энхтайван АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилтын хүрээнд дэлхийн стандарт, шаардлагад нийцсэн, экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах талаар Элчин сайд санал тавьсан байна. Уг саналыг дэмжихээ сайд Н.Энхтайван илэрхийлж, нөхцөл бүрдсэн үед төлөвлөсөн харилцан айлчлалуудыг зохион байгуулна гэв.
Ташрамд дурдахад, АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтын ахлах албан тушаалтнуудын хуралд ГХЯ-ны төлөөлөгчид уржигдар цахимаар оролцлоо. Уулзалтын үеэр манай төлөөлөгчдийн тэргүүн, ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Одонбаатар бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын баримталж буй байр суурийг танилцуулж, үг хэлэв.
Бэлтгэсэн: Б.Нархан