Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс БНХАУ-ын иргэнээс хээл хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилээр хасаж 7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Харин түүнд хээл хахууль өгсөн гэх БНХАУ-ын иргэн Лиу Хоннианд 14 сая төгрөгийн торгууль оноосон байна. Ингэхдээ Х.Оргил-Эрдэнэ, Лиу Хонниан нарыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нэг хоногийг 15.000 төгрөгөөр тооцож, нийт төлөх торгуулийн хэмжээнээс хасахаар болсон гэв.
Хэргийг эргэн сануулбал, түүнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд БНХАУ-ын харьяат иргэнээс 20.000 юанийн хээл хахууль авч байхад нь АТГ-ынхан илрүүлж, баривчилсан юм. Улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Х.Оргил-Эрдэнэд хилийн хориг тавиад байсан. Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баатарсайхан хэвлэлд ярилцлага өгөхдөө
“Миний үйлчлүүлэгч авлига аваагүй. Төрийн албан хаагчийг ёс зүйгүй харагдуулах гэсэн үйлдлийн золиос боллоо. БНХАУ-ын иргэд түүний өрөөнд баглаатай юм орхиод гарсан юм билээ. Тэр нь мөнгө байсныг мэдээгүй” хэмээх тайлбарыг өгч байсан.