Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар харьяа агентлаг, газруудынхаа үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр салбарын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд барьж буй дөрвөн барилгын ажилтай танилцаж, чиглэл өгөв. Хан-Уул дүүрэгт барьж байгаа 840 айлын, энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй, “Хуульчдын хотхон”-ы дөрвөн барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж буй аж. Үүний хоёр барилга буюу 240 айлын орон сууцыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахыг салбарын сайд үүрэг болголоо. Үлдсэнийг нь энэ онд багтаан барьж, алба хаагчдыг орон сууцжуулах гэнэ. Мөн барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгч талууд уулзалт зохион байгуулж, ажлаа шуурхайлахыг анхааруулжээ. Уг хотхоны 240 айлын орон сууц барих хөрөнгийг цаг хугацаанд нь олгоогүйгээс гүйцэтгэгч тал санхүүгийн хүндрэлд орсон байна. Цагдаагийн ерөнхий газрынхан төслийн барилгыг барьцаалж, ХААН банкнаас зээл авахаар хөөцөлдсөн боловч бүтэхгүй байгаа аж. Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу, зээлийн төлөх хугацааг хойшлуулах нөхцөлөөр арилжааны бусад банкнаас зээл олгуулах арга хэмжээ авахыг салбарын сайд үүрэг болгов.
“Цагдаа-Амгалан” хотхоны тухайд сүүлийн ээлжийн 240 айлын орон сууцын барилгын ажил мөн санхүүжилтгүй, зогсжээ. Үүнийг 14 хоногийн дотор шийдвэрлэхийг ажлын хэсэгт даалгасан байна. Тус хотхоны барилгыг ирэх арванхоёрдугаар сард Улсын комисст хүлээлгэн өгөх гэнэ. Мөн тэндхийн 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынхнаар шийдвэрлүүлэхийг үүрэг болгов. Түүнчлэн “Хууль сахиулагч-1” хотхоныг барихад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, харилцан ойлголцох ажил хэргийн уулзалт зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгалаа. Харин Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилтнуудын 125 айлын орон сууцын барилгын газар дахь нийтийн эзэмшлийн зориулалтыг нь багасган, эдэлбэр газрыг нэмэгдүүлэхээр тогтож, цахилгааны асуудлыг нь шийдвэрлүүлэхээр болсон байна.
Дараа нь УБЕГ-т Х.Нямбаатар сайд ажиллалаа. Тэрбээр “Дижитал Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Нэг цэг”-ийн үйлчилгээний төвийг хороод руу төвлөрүүлэх, түүнчлэн иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн үйлчилгээг хорооноосоо авах боломж бүрдүүлэхийг үүрэг болголоо. Мөн Засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа тусгах, холбогдох дүрэм, журмыг улсын бүртгэлийн байгууллагаас энд онд багтаан боловсруулах чиглэл өгөв.