Авлигын эсрэг хуулийн 11.1.1-т “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хуульд заасан хугацаанд бүртгэж, хянана” гэж заажээ. Мөн уг хуулийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй” гэж тусгасан байдаг. Үүний дагуу шинээр томилогдсон 14 дэд сайд ирэх сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах юм. Тэдний олонх нь өмнө нь төрийн өндөр албан тушаал буюу дэд сайд, агентлагийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, аймгийн Засаг дарга, түүний орлогч зэрэг албыг хашиж байхдаа уг мэдүүлгээ гаргаж байж.
Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо нь Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон билээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаагүй учраас хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй аж. Мөн УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай нарын хөрөнгө, орлогын талаарх мэдээлэл байсангүй.