ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, дэд сайд С.Баатаржав нар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай цахимаар уулзжээ. Уулзалтын эхэнд сайд Х.Нямбаатар цагдаагийн байгууллагын ажлыг сайжруулах, иргэдийн гомдол, саналыг шуурхай шийдвэрлэхэд ХЗДХЯ-наас анхаарч ажиллах талаар танилцууллаа. Мөн хэсгийн байцаагч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хэрэг шийдвэрлэх үйл явцыг чанаржуулахад анхаарч ажиллахаа тэмдэглэв.
Дэд сайд С.Баатаржав “Цагдаагийн алба нэр төр, журамт үүрэг дээр тогтдог, үнэний төлөөх итгэл үнэмшлийн алба. Иймд ажилдаа хариуцлагатай хандаж, нийт алба хаагчийн нэрийн төлөө, ёс зүйн өндөр шаардлагыг биелүүлэн ажиллаж байгаа гэдгийг үргэлж санаарай. Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлого, чиглэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” хэмээв. Уулзалтын төгсгөлд аймаг, дүүргийн цагдаагийн газрынхан сайд нарт хандаж, санал, хүсэлтээ илэрхийлсэн байна.
Бэлтгэсэн: Б.Анх