Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 4.4 их наяд төгрөгт хүрчээ. Тэгвэл нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болсон байна. Ингэснээр тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарав. Нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны зургадугаар сард 794.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 14 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 14.1 хувиар буурлаа.
Төсвийн орлогын 85.8 хувийг татварын, 8.2-ыг татварын бус, 5.7-г Ирээдүйн өв сан, 0.3-ыг Тогтворжуулалтын сангийн орлого эзэлсэн байна. Татварын нийт орлого оны эхний хагас жилд 3.7 их наяд болж, өмнөх оны мөн үеийнхээс 703.3 тэрбум төгрөгөөр буурав. Үүнд орлогын албан татварын орлого 222.9, бусад татвар, төлбөр хураамжийнх 148.2, нийгмийн даатгалынх 138.4, нэмэгдсэн өртгийн албан татварынх 96.9, онцгой албан татварынх 61.9, гадаад үйл ажиллагааных 27.1 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.