Дэлхийн шатрын холбооноос Дэлхийн шатрын олимпиадыг ОХУ-ын Москва хотод энэ сарын 22-ноос ирэх сарын 30 хүртэл цахимаар зохион байгуулах боллоо. Тус олимпиадад 190 улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг оролцох юм. Монголын шатрын холбоо энэ сарын 7-10-нд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран www. chess.com сайтаар зохион байгуулж дүнгээ гаргажээ. Сонгон шалгаруулах тэмцээнд эмэгтэй 21, эрэгтэй 20 тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлж, эрэгтэйчүүдээс их мастер С.Билгүүн, Г.Мөнхгал, эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Т.Мөнхзул, 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Д.Батсүрэн, эмэгтэйчүүдийнхэд Дэлхийн шатрын холбооны дэд мастер Х.Баясгалан нар оролцох нь. Дэлхийн шатрын цахим олимпиадад оролцох баг, тамирчдын ахлах дасгалжуулагчаар их мастер Б.Гүндаваа, туслахаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од, Ч.Баттүвшин нар ажиллана. Өсвөрийн шигшээ багийг их мастер Д.Шаравдорж, Ц.Батсайхан нар дасгалжуулна.