Монгол наадам уламжлалаараа болж өнгөрлөө. Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан энэ удаад үзэгчгүй зохион байгуулсан. Эх орондоо байгаа болон хилийн чанадад суугаа иргэд наадмаа цахимаар, зурагтаар үзэв. Хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, нум, сум, шагайн харвааг шууд дамжуулсан. Харин нээлт, хаалтын ёслол, хүндэтгэлийн тоглолтыг урьдчилан бэлтгэж цацсан юм. Энэ талаар олон түмний дунд хэрэгтэй, үгүй гэсэн зөрүүтэй санаа бодол байсан ч, зохион байгуулагчдын хийсэн ажил наадамчдын таашаалд нийцэв бололтой, өмнө нь шүүмжилж байгаагүй мэт уур амьсгал аяндаа ноёлоод ирсэн юм.
Нээлтийн ёслол, хүндэтгэлийн тоглолтыг Төв аймаг дахь “XIII зуун” цогцолборт хийсэн бөгөөд орчин, ахуй талаас нь авч үзэхэд монгол наадмын язгуур мөн чанарыг илэрхийлэхэд ончтой шийдвэр болсон мэт. Агуулга нь монгол үндэстэн, угсаатан, тэдний дуу хуур бөгөөд ардын ч, орчин үеийн ч дуу бүхнийг ардын, язгуур бүжгээр баяжуулсан нь хэллэг, өгүүлэмж тод, үзүүштэй, сонсууштай байлаа.
Төрийн дууллаа дэлхийн дуучнаараа дуулуулсан нь, олон улсад танил болсон баритоноор ардын дуу аялуулж, биелгээ хийлгэсэн нь, түүнээс хойхно мөн түүнийг рок, попын өнөө цагийн алдартнууд дунд дахин гаргаж ирсэн, дэлхийд нэр нь цуурайтаж эхэлсэн “Хү” хамтлагийн “Монгол билээ” дуунд нь бусад уран бүтээлч дуу, бүжгээр хүч нэмж, улам эрчимтэй болгосон зэрэг нь наадамчдын таамаглаж байгаагүй шийдэл байв.
Нээлтийн ёслол, хүндэтгэлийн тоглолтын дуу, авианы бүхий л ажлыг өмнө нь бэлтгэж, дараа нь дүрсийг нь авч эвлүүлэн нэгэн бүхэл агаад цомхон контент болгосон нь аливаа эрсдэлээс сэргийлсэн ажил болжээ хэмээн наадамчид ам сайтай байв.
БӨХИЙН ШИНЭ ҮЕ ИРЖЭЭ
“Ковид-19” өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон үед Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг хотоос зайдуу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Нагалхан уулын өвөрт зохион байгууллаа. Цөөн үзэгчтэй байлгах үүднээс наадмыг ийн хотоос зайдуу хийсэн юм. Олон нийт “ноёдын наадам” болох нь гэж шүүмжилж байв. Тэгвэл бөхийн барилдааныг олон сувгаар зохион байгуулалт сайтай дамжуулснаар олон нийтийн сэтгэл гонсгор үлдсэнгүй. Олон түмэн цэнхэр дэлгэцээр бөхийн барилдаанаа үзэж, баясан цэнгэлээ.
Бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, аварга хэмээх эрхэм цолтны эгнээнд багтлаа. Тэрбээр ийнхүү улсын их баяр наадамд хоёр төрүүлж, нэг үзүүрлэсэн амжилт гаргаад байна. Дэлтэй бүхэн уралдаад түрүүлдэггүй, дээлтэй бүхэн барилдаад давдаггүй наадамд хоёр удаа босоо үлдэх нь чамлахааргүй амжилт юм. Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь их наадмын бөхийн барилдаанд үзүүрлэв. Тэрбээр долоо, наймын даваанд хүч шавхан барилдаж, нэлээд цуцсан. Үзүүр, түрүүний барилдаанд цуцаагаа гаргаж амжилгүй барилдаад уначихсан болов уу. Увсаас нэг начин цолтон төрсөн. Ийнхүү Увс аймгийн “Увс нуур” дэвжээний бөхчүүд амжилттай наадав. Тэд хамгийн шилдэг бөхчүүдтэй дэвжээ гэдгээ дахин нотоллоо.
Бөхийн өлгий нутаг гэгддэг Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын харцага М.Бадарч улсын арслан Р.Пүрэвдагва ахтайгаа үнэн хүчийг үзэн барилдаж, заан цол хүртэв. “Цахилгаан” хэмээн хочилдог, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Б.Зоригтбаатар үеийн залуустай тав, зургаагийн даваанд тунан барилдаж, харцага цолны болзол хангасан. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ уран барилдаант аварга С.Мөнхбатаар тав давж начин цол хүртлээ. Ийн хэзээнээс шилдэг бөхчүүдтэй Архангай нутгийнхан сайхан наадсан. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан заан цолоо баталж, Өмнөговийн Ханхонгор сумын харьяат, улсын начин Ц.Одбаяр, Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, аймгийн арслан Б.Бат-Орших зургаа даван, харцага цолтон болов.
Улсын цол хүртсэн бөхчүүд
Аймгийн арслан цолтой долоон залуу тав давж, улсын цолтны “гэр бүл”-д багтан, олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнгээ гаргалаа. Шинээр төрсөн начин цолтнуудаас О.Мөнх-Эрдэнэ хэмээх нуруулаг залуу олны анхаарлыг ихээхэн татлаа. Түүнийг бөхийн хорхойтнууд тогтмол бэлтгэл сургуулилалт хийн, ур чадвараа улам дээшүүлбэл аварга цолонд хүрнэ гэж магтаж байна. Өдгөө 25 настай залууд цаашид 10 орчим жил өндөр амжилт гарган барилдах боломж гэж бий. Начин болчих болов уу хэмээн наадамчин олон дээлийнх нь захыг сэтгэлдээ мушгин суудаг, аймгийн хурц арслан Б.Суманчулуун, О.Гантулга нар энэ жил бас л чадсангүй.
Баяр наадмын хоёрын даваа өндөрлөхөд ид барилдаж буй улсын цолтой 27 бөх өвдөг шороодсон байлаа. Улмаар бөхийн хорхойтнуудын өндөр даваанд хүрч барилдана гэж найдаж байсан улсын начин Д.Анар, Э.Даш, харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, заан Н.Жаргалбаяр, гарди Ө.Бат-Орших, Б.Гончигдамба, арслан Ц.Содномдорж, аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба нар их шөвөгт ч үлдэж чадсангүй. Улсын аварга, арслан, заанууд доор даваанд унасан нь бөхийн шинэ үе түрэн гарч ирж буйг илтгэж байна. Одоо ид барилдаж буй 1980-аад онд төрсөн аварга, арслан, заануудын байр суурийг ирэх жилээс 1990-ээд онд мэндэлсэн идэр залуу дүү нар нь авах нь тодорхой боллоо. Бөхийн хорхойтнууд дараагийн аварга, арслан, заануудыг 1990-ээд оныхноос хайж эхлэв.
Шинэ цол хүртсэн бөхчүүд
Увс аймгийн Давст сумын харьяат
Пүрэвийн Бүрэнтөгс улсын аварга
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат
Мягмарын Бадарч улсын заан
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат
Цэдэнбазарын Одбаяр улсын харцага
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат
Батсүхийн Зоригтбаатар улсын харцага
Баянхонгор аймгийн Богд сумын уугуул
Батсуурийн Бат-Орших улсын харцага
Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат
Доржхандын Хүдэрбулга улсын начин
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат
Нурланы Мустафа улсын начин
Завхан аймгийн Баянтэс сумын харьяат
Шархүүгийн Пүрэвгарьд улсын начин
Увс аймгийн Тэс сумын харьяат
Цэдэндоржийн Мөнхбаяр улсын начин
Архангай аймгийн Хайрхан сумын харьяат
Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ улсын начин
Завхан аймгийн Отгон сумын харьяат
Төрмөнхийн Дүгэрдорж улсын начин
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат
Хутагийн Цогтгэрэл улсын начин
Монгол Улсын заан М.Бадарч
УРАЛДААНЫ ЗАМД ГАРААГҮЙ ХҮЛЭГ ОЛОН БАЙВ
Хурдан морины уралдаан Хүй долоон худагт үзэгчгүй болсон юм. Зургаан насны морьдын уралдааны зэрэгцээ эрлийз хүлгүүдийнхийг дээд, дунд, бага нас гэсэн ангилалд уралдуулсан юм.
Азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр азарга түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын П.Батсайханы “Тэнгэрийн” хэмээх хээр аман хүзүүдэв. Айргийн гуравт Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн хар, дөрөвт Өвөрхангай аймгийн Ханбогд сумын Н.Амарбаясгалангийн буурал, тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, улсын тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Ажнай” цавьдар азарга тус тус хурдаллаа.
Их насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын тод манлай уяач Т.Галбадрахын халиун морь түрүүлсэн бол мөн аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Ц.Мөнххуягийн “Тод янзага” хэмээх цавьдар аман хүзүүдлээ. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Жавхлантөгсийн хээр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, тод манлай уяач Т.Галбадрахын бор, Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Эрдэнэбаярын саарал айрагдав.
Соёолонгийн уралдаанд 184 үрээ уралдсанаас Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ түрүү магнай болов. Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын Д.Хишигжаргалын халзан аман хүзүүдсэн бол Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Г.Батболдын халтар, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат С.Энхтөрийн хээр, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ч.Батзоригийн бор үрээ айргийн гурав, дөрөв, тавд орж ирсэн юм.
Хязаалан насны морьдын уралдаанд 170 гаруй шандаст хүлгийн хурдыг сориход түрүү магнайд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хар үрээ орж ирэв. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Ууганбаярын цавьдар аман хүзүүдсэн. Айргийн гуравт Төв аймгийн Баян сумын харьяат, нийслэлийн алдарт уяач Д.Пүрэвсамбуугийн хээр, дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын уугуул З.Пүрэв-Очирын зээрд, тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Лхагвасүрэнгийн хүрэн хурдаллаа.
Шүдлэн насанд 252 үрээ бүртгүүлснээс 60 гаруй нь л уралдав. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Баяржавхлангийн хүрэн үрээ түрүүлсэн бол мөн аймгийн Отгон сумын уяач А.Лхагвын хүрэн үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Н.Дөлгөөний халиун, дөрөвт Дорнод аймгийн Халхгол сумын, аймгийн алдарт уяач Б.Батсүхийн хүрэн, тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач У.Тамирын уясан, Увс аймгийн алдарт уяач Гүнчин-Ишийн хул хурдаллаа.
Азарганы уралдаанд түрүү магнайгаар тодорсон хүлэг
Дааганы уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Тэмүүжингийн хул түрүүлсэн бол аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор хурдлав. Ц.Гончигсүрэнгийн хээр, Төв аймгийн Алтанбулаг сумын Д.Ганзоригийн хул, Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Ц.Онолбатын хонгор халзан даага айргийн гурав, дөрөв, таваар хурдлав. Энэ жил 284 даага бүртгүүлснээс 54 нь үүлдэр, сэрвээний өндрөөр хасагдсан ажээ.
Эрлийз дээд насанд 115 хурдан хүлэг шандас сориход Төв аймгийн Баян сумын уугуул улсын алдарт уяач П.Энхмөнхийн хул морь түрүүлсэн. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Ч.Батзоригийн хар азарга аман хүзүүдэж, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, улсын тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Ч.Батзоригийн шар халзан, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Ганзоригийн хээр морь айргийн гурав, дөрөв, таваар давхилаа.
Эрлийз дунд насны морьдын уралдаанд 170 гаруй хүлэг уралдсанаас Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хээр түрүү магнайд ирсэн. Дараагийн байрт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр, Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, манлай уяач Н.Хүрлээгийн хээр, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Отгонлхагвын хүрэн, Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Лхагвасүрэнгийн хүрэн тус тус хурдалсан юм.
Хурдан морины уралдаан эмх цэгцтэй, будилаангүй болсон гэж зохион байгуулагчид мэдээлсэн. Уралдааны замд 30-аад хүүхэд мориноос унасан ч хүнд бэртэж, гэмтсэн тохиолдол үгүй аж. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод энэ жил эрлийз морьд уралдуулахгүй гэж байсан ч уяачдын хүсэлтийг харгалзан замд гаргах шийдвэрийг наадмын өмнөхөн гаргасан. Зургаан насны аль алинд бүртгүүлснээс цөөн тооны морьд уралдсан ч элдэв маргаан гараагүй. Үе үеийн гэнэтийн аадар бороо ажил саатуулсныг эс тооцвол хурдан дааганууд барианы зурхайг ээлж дараалан харайж орохыг цахимаар болон телевизээр үзсэн наадамчид өхөөрдөн суудлаасаа өндөлзөж байсан юм.
Д.ДЭМБЭРЭЛСАЙХАН МОНГОЛ УЛСЫН ДАЯН, Л.ОДСАЙХАН МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН ЦОЛ ХҮРТЛЭЭ
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Нагалхан уулын өвөр, “XIII зуун” цогцолборт Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний сур харваанд 540 харваач 18 зурхайд цэц сорив. Уламжлал ёсоор урианхай, буриад сур харваагаар эхэлсэн наадамд онцлох зүйл их байлаа. Хөдөө хээр анх удаа үзэгчгүй наадсан сур харваачдын тэсвэр тэвчээр, мэдрэмж, ур чадвар, сэтгэл зүй, ухааны хүчийг нар, хур, салхи олон талаар шалгасан. Хичээж чадвал хэний ч хүү, охин түрүүлж болдог төрийн наадмын түрүү харваачаар тодрох торгон мөч тэдэнд тийм ч амархан олдсон амжилт байсангүй. Сурын алтан зурхайд аз ивээж улсын мэргэн цол хүртэх нэгэн байхад аз дутан, атгаад алдсан нь ч байлаа. Уухайн дуу хадсан наадмын ногоон дэнжид “Их Монголын цэц” хэмээх нэгэн дуу төрсөн. Үндэсний сур харваачдын сүлд дуу болон эгшиглэсэн энэхүү уран бүтээлийн шүлгийг аймгийн мэргэн, спортын мастер Г.Энхмандах тэрлэж, аяыг нь “Харанга” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат зохиож, дуучин Т.Дэлгэрмөрөн олны сонорт хүргэсэн юм.
Сур харвааны халх, урианхай, буриад гэсэн гурван төрөл бий. Эдгээрээс буриад сурын харваа өвөрмөц. Монгол Улсад буриад сур харваагаар Дорнод аймгийн мэргэчүүд хамгийн өндөр амжилт гаргасан байдаг.
Энэ жилийн наадмын буриад сур харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч, нум урлаач, спортын мастер Х.Баасандорж 64 сумаас 60, эмэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Улсын мэргэн Б.Пунсалдулам 64 сумаас 59 онож түрүүлсэн. Б.Пунсалдулам өнгөрсөн жилийн наадмаар дөрөвдүгээр байр эзэлсэн бол энэ удаа буриад сурын улсын мэргэн боллоо. Үндэсний сур харваач, спортын мастер Б.Жалбаагийн шавь тэрбээр 2016 онд улсын их наадмын үндэсний сурын харваанд түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн юм.
Өвөг харваа буюу урианхай сур харваа нь Эзэн богд Чингис хааны үеэс улбаатай. Дайн байлдаанд ашигладаг байх үеэс тоглоом, наадмын хэлбэрт оруулахыг урианхайчууд анх сэдсэн гэдэг. Алтайн урианхайчууд урианхай овгийн онцлог болох тулаанч шинжийг илтгэсэн эртний онцлог ёс, дэглэм бүхий уг сур харвааны уламжлалыг өнөөг хүртэл хадгалж, үндэсний томоохон баярын нэг болох улсын наадамд харван наадах болжээ. Урианхай сурын харваагаар зөвхөн эрчүүд харвадаг. Халх сураас ялгагдах онцлог нь харвах зай нь 40 метр байна. Урианхай сурын харваа нь хавчаахай нумаар харвадаг. Хулс модыг матаж хийсэн 1.8-2 метр урттай нумаар харваач бүр гурван сум тавина. Урианхай сур харваанд эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж, эмэгтэйчүүд оролцуулахыг өнөөг хүртэл хориглож иржээ. Урианхай сурын харваанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, спортын мастер Э.Хосбаяр 30 сумнаас 21 онож, Урианхай сурын улсын мэргэний болзол хангаж, Завхан аймгийн Тэс сумын харьяат “Мондэ” багийн харваач, урианхай сурын улсын мэргэн Б.Хатансайхан 20 оноогоор удаалан, Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, урианхай сурын мэргэн Ж.Мягмар 19 оноогоор гурав, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, улсын хошой мэргэн Э.Батзориг 19 оноогоор дөрөв, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, спортын мастер Э.Ганчулуун 18 оноогоор тавдугаар байрт тус тус шалгарав.
Монгол Улсын дархан мэргэн Х.Оюунчимэг
Халх сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75 метр орчим. Нарийн зүссэн сураар сүлжсэн бортого хэлбэрийн байнуудыг хана, хасаа гэсэн хоёр янзаар өрж, булцуут сумаар харвана. Тус харваанд хамгийн олон ончтой харвасан нь түрүүлдэг. Сур харваанд уухайлдаг ёс бий. Урьж уриалсан, байг оносон баярын, угтан авсан самбарын уухай гэж бий. Эдгээрийг нэг удаад тус бүр гурван удаа эгшиглүүлдэг. Наадмын өдрүүдэд халх сурын харваачдын цэц сорьсон 40 сумны нийлбэр оноогоор дүнг гаргадаг. Эрэгтэйчүүд 75, эмэгтэйчүүд 65 метрийн зайнаас харвана. Энэ жилийн наадамд 396 эрэгтэй харваач онч сорьсноос Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 40 сумаас 38 онож тэргүүлэв. 2016 оны улсын их баяр наадмын түрүү харваачаар тодорсон тэрбээр ийн Монгол Улсын даян мэргэн цол хүртэж, наадамчин олныг баясгалаа. Аймгийн мэргэн Д.Баттулга, спортын мастер П.Явуухулан нар тус бүр 36 оноотой тэнцсэн тул товх харвасан. Эр бяраар эвэр нум эвшээлгэж, гичир татсан Д.Баттулга Монгол Улсын гарамгай, П.Явуухулан Монгол Улсын гоц мэргэн цолтой боллоо. Тэгвэл 144 эмэгтэй харваач түрүү байрын төлөө өрсөлдсөнөөс Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноогоор түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртэв. Тэрбээр нутгаасаа төрсөн анхны мэргэн цолтон. Түүний араас Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Монгол Улсын даян мэргэн Д.Эрдэнэтуяа, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Монгол Улсын гарамгай мэргэн Ч.Гандаваа нар хоёр, гуравдугаар байрт шалгарав. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн наадмаар Ч. Гандаваа түрүүлж, буриад сурын мэргэн цол хүртсэн бол Монгол Улсын даян мэргэн Д.Эрдэнэтуяа аман хүзүүдэж байжээ.
ХЭНТИЙ АЙМГИЙН ХАРВААЧИД МЭРГЭН БАЙЛАА
Шагайн харваа 2001 оноос эхлэн үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж албан ёсны дүрэмтэй болжээ. Шагай харваачид зурхайнаас есөн тохой буюу 4.72 метр зайнаас харвадаг. Харваачдын баг долоон гишүүнтэй, зургаа нь харвана.
Шагайн харвааны үеэр уухайлдаг уламжлалтай. Төв халх, дөрвөд далай хан, баяд урианхай, боржигон уухай бий. Наадмын өдрүүдэд төв халх, боржигон уухайгаар наадах болжээ. Уухай нь морины цол, үндэсний сур харвааны уухайтай төстэй. Шагай харваачид уухайгаар өөрийн багийн харваачаа дэмжин, урам өгч байгаа юм. 2015 онд шагай харваачид “Монгол шагайн харваа” хэмээх сүлд дуутай болсон билээ.
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд 19 аймаг, есөн дүүргийн 82 багийн 650 харваач эрхий мэргэнээ сорьсон юм.
Тэргүүн байрт: Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн баг
Хоёрдугаар байрт: Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг
Гуравдугаар байрт: Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай “Улаанбаатар төмөр зам”-ын баг тус тус шалгарав.
Ийнхүү энэ жил үлэмж дархан, гарамгай мэргэн тус бүр нэг, Монгол Улсын мэргэн хоёр, хошой мэргэн тав төрөн гарлаа. Ташрамд дуулгахад, Л.Болд ахлагчтай “Улаанбаатар төмөр зам”-ын багийнхан өнгөрсөн жилийн наадмаар тэргүүлсэн бол энэ удаа байр хойшилж гуравдугаарт жагссан. Тэгвэл С.Ямааранз ахлагчтай “АПУ-Алдар”-ын шагай харваачид удаалж байсан бол энэ жилийн наадамд тавдугаар байр эзлэв. Дорноговь аймгийн Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд төмөр ёроо гол ХХК” багийнхан өнгөрсөн жил тавдугаар байр эзэлж байсан бол энэ удаа хийморьтой наадаж, дэд байрт шалгарч, амжилтаа ахиулжээ.
“САЙХАН НААДАЖ БАЙНА УУ ГЭХЭД Л СЭТГЭЛ СЭРГЭДЭГ”
Жил жилийн долдугаар сарын 11-нд нийслэлийн өнцөг булан бүрээс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү чиглэсэн авто зам өдөржин ачаалалтай байж, үндэсний дээл, хувцсаар гоёсон наадамчин олон инээд хөөртэй хөлхөцгөөх нь өнгө өнгийн цэцэг шиг гоёмсог харагддаг сан. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Улаанбаатарын гудамж эл хуль, гоёж гоодсон ч хүнгүй, нийтийн тээврүүд бараг зорчигчгүй сүлжиж байв. Томоохон зоогийн газар, ресторанууд хуушуур, айраг болон уламжлалт бусад хоолоор иргэдэд үйлчилж байсан бөгөөд хуушуурын үнэ өнгөрсөн жилийнхээс 500-1000 төгрөгөөр нэмэгдэн нэг ширхэг нь 2000-3000 төгрөгт хүрчээ. Үйлчлүүлэгчид олон байгаа, эсэхийг “Хөх-Үүр” үндэсний хоол, айргаар үйлчилдэг зоогийн газрын ажилтнаас лавлахад “Өнгөрсөн онуудын наадмын үеийнхээс энэ жил үйлчлүүлэгч 50 орчим хувиар багассан гэхэд болно. Хотын төв дэх салбарт маань хүн нэлээд цөөн байгаа бол Туул голын эрэг орчимд шинээр нээгдсэнд нь иргэд цөөнгүй очицгоон, ресторанд сууж үйлчлүүлэхээс илүүтэй хоол, зоогоо аваад гарч байна” гэв.
Долдугаар сарын 11, 12-нд хотын төвөөс Долоон буудал, зуслангийн бүс чиглэсэн зам нэлээд түгжрэлтэй байлаа. Зарим автомашины хамар дээр төрийн далбаа намирах нь баярын уур амьсгалыг илтгэнэ. Автомашинтай зорчигчдын цөөнгүй нь голын эрэг, уулын өвөр, эсвэл зүлэг, ширэг тэгш газар барааджээ. Чингэлтэй дүүргийн XIX хороо Шадавлин зуслангийн нутгаар урсдаг Сэлбэ голын хөвөө даган “наадамчид” олноороо цугласан байв. 50 гаруй метр зайтай 1-3 автомашин, барагцаалбал 5-15 хүн буудалласан нь Сэлбийн эрэг дагуу олон хүн байсныг илэрхийлэх болов уу. Иргэд майхан, сүүдрэвч босгон, ширээ, сандал суурилуулж, жижиг оврын хийн зуух ажиллуулж, эсвэл мод түлэн хоол, унд бэлтгэнэ. Мөн гар утас, компьютер сэлтээ байрлуулж ихэвчлэн бөхийн тайлбар сонсож буй нь голын нөгөө эрэг дээрх айлуудад төвөггүй сонсогдож байлаа. Сэлбэ голын эрэгт “наадаж” байсан Чингэлтэй дүүргийн иргэн Г.Ариунбуянттай хөөрөлдсөн юм. Тэрбээр дулааны инженер мэргэжлээр 30 орчим жил ажиллаад өдгөө гавьяаны амралтаа эдэлж буй гэнэ.
-Сайхан наадаж байна уу, та бүхэн. Хэдүүлээ явж байна. Энэ жилийн наадмыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй гэсэн учраас гэр бүлийнхээ хүрээнд баярлаж явна уу?
-Сайхан наадаж байна. Энд гурван айлын хүүхэд, том хүн нийлсэн 16 хүн байна. Хотоос холгүй голын эрэг дээр зүлэгтэй, тэгш сайхан газар байдгийг мэддэг болохоор ирлээ.
-Танайх өмнө нь хэрхэн наадаж байв. Энэ жил цар тахлын улмаас “цахим”-аар улсын баяраа тэмдэглэж буйд ямар сэтгэгдэлтэй байна?
-Өмнө нь бид Улаанбаатарчуудын нийтлэг жишгээр тасалбартай, эсэхээсээ үл хамаарч Төв цэнгэлдэх хүрээлэнд очдог байлаа. Цэнгэлдэхийнхээ гадуур тойрч, зураг хөргөө авхуулж, ач, зээ нараа тоглуулж, хуушуур идчихээд харьдаг юм. Өчигдөр өглөөгүүр би (долдугаар сарын 10-нд) ядаж есөн хөлт цагаан тугаа цэнгүүлэхийг харах санаатай Чингисийн талбайд очсон юм. Морьтой цэргүүд гарч ирдэггүй ээ, багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл урьд өдөр нь “XIII зуун” цогцолбор газар луу тугаа залсныг сонсоод уйтгар гуниг ч гэх үү, таагүй мэдрэмж төрдөг юм байна. Хотод үзэх харах юмгүй болохоор хэдэн хүүхдээ дагуулан энд ирж, хонохоор төлөвлөсөн. Компьютер, гар утаснаас бөх, морь, сурын харвааны талаарх мэдээллээ авна даа.
-Цар тахлын улмаас олон хүн цуглуулах боломжгүй учраас энэ жил наадам тэмдэглэхгүй, өнжье гэсэн бодолтой иргэн цөөнгүй байсан. Та ямар байр суурьтай байв?
-Миний бодлоор иргэдэд цэнгэлдэх хүрээлэн, морины бариа, сурын талбай руу очих боломж байгаа, эсэхээс үл шалтгаалж улс наадмаа тэмдэглэх хэрэгтэй. Ер нь монгол хүн өөрөө барилдаагүй ч бөхчүүдээ харж бахархан, морь уралдахад омогшиж, унаач хүүхдүүдээ өхөөрдөн баясдаг. Наадам, цагаан сар зэрэг үндэсний уламжлалт баяраар ах, дүүс, анд нөхдөөрөө уулзан билигтэй сайхан үгийг хэлэлцдэг. Эмнэлэгт өвчтэй байгаа хүнтэй ч сайхан наадаж байна уу гэж мэндчилдэг. Хэтрүүлж хэлбэл, “Сайхан наадаарай, сайхан наадаж байна уу” гэдэг үг л бидний сэтгэлийг сэргээн, баяр хөөртэй болгодог. Улмаар монголчуудыг онцгой түүхтэй, уламжлалтай, эрхэмлэн дээдлэх үнэт зүйлстэй, нэгдмэл үндэстэн болохыг мэдрүүлдэг байх. Энэ жил наадам тэмдэглээгүй бол хагас жилийн турш хөл хорионы дэглэмд байгаа олон нийт үзэж харах, бахдан ярилцах, омогших, нэгдэх зүйлгүй болох байв. Өвчингүй байх л эрхэм гэдэг ч урлаг, спортын тоглолт, тэмцээн, үндэсний болон уламжлалт соёлын хөтөлбөрүүд нь хүний тархи, зүрх, сэтгэлийн хамгийн чухал эм гэдгийг л ах нь хэлэх гээд байна гэв.
Товчхондоо, наадмын өдрүүдэд нийслэлд хөл хөдөлгөөн тун бага байв. Иргэд гэр гэртээ “наадах”-ын зэрэгцээ ах, дүүс, анд нөхдөөрөө уулзалдан зуслан, амралтын газар, жуулчны баазад цуглан баярлажээ. Цагаан сараар уулзалдаагүй зарим айл өрх ойр тойрныхоо ахмадуудаа онцгойлон урьж, золгоцгоосон нь ч байна. Түүнчлэн иргэдийн олонх нь цахим наадмын талаар эерэг сэтгэгдэлтэй байж, хүнд хэцүү цаг үе тулгараад буй ч үндэсний уламжлалт баяраа ёслон өнгөрүүлсэндээ сэтгэл хангалуун байсан юм.
Бэлтгэсэн: Р.ОЮУНЖАРГАЛ, Т.ЭНХБАТ, Г.БАТЦЭЦЭГ, Г.АРГУУЖИН, С.ЦЭРЭНДУЛАМ, Ж.ЦОГТБАЯР