2020 он 2019 он
Байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас манай орны цөөнгүй гол, мөрөн, нуур “нүд аньсан”. Зөвхөн 2018 онд 1495 уст цэг, эх үүсвэр, хатаж, ширгэснийг усны тоо бүртгэлийн судалгаагаар тогтоосон юм. Ширгэх, усгүй болох эрсдэлтэй гэж энэ судалгаанд нэр цохогдсон Улаан цутгалангийн хүрхрээ жил гаруйн хугацаанд тасарч, орон нутгийн иргэд, аялал жуулчлалынхныг гонсойлгоод байсан бол наадмын өмнөх өдөр буюу энэ сарын 11-нд ахин урсаж эхэлжээ.
Өвөрхангай аймгийн ихэнх нутагт сүүлийн жилүүдэд хур тунадас багатай, гандуу байх болсон нь Орхон голд цутгадаг Улаан гол дээрх тус хүрхрээний ус багасаж, тасрахад хүргэсэн гэж орон нутгийнхан үзэж байна. Харин энэ сар гарснаас хойш тус аймагт бороо элбэгшиж, ган тайлагдан, Хүйсийн найман нуурын усны түвшин эрс нэмэгдэж, Улаан цутгалангийн хүрхрээ сэргэжээ.
Хүрхрээний ус тасарсныг мэдээгүй иргэд Улаан цутгаланг зорьж очих, ойр хавьд нь амарч, тухлах үедээ хогоо ил задгай хаях, бие засах зэргээр байгаль бохирдуулж байсныг тэнд жуулчлал эрхэлдэг “Хөсөг” баазынхан онцоллоо. Сонирхуулахад, цагтаа Монголын хамгийн их устайд тооцогддог, хүйтэн, дулааны аль ч улиралд жуулчин олноор зорьж очдог байсан Улаан цутгалангийн өргөн нь тав, өндөр 24 нь метр бөгөөд зарим нь түүнийг Орхоны хүрхрээ хэмээн нэрлэдэг юм.