“Эмээлт” захад Төв аймгийн Жаргалант, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дундговийн Сайхан-Овоо, Булганы Сайхан, Архангай аймгийн Цэнхэр сумаас авчирсан хонь борлуулж байв. Иргэдийн олонх нь Төв болон баруун аймгаас голдуу, цөөн хүн зүүн аймгаас хонь авчирчээ. Хонины нас гэхээсээ илүү хэр тарга тэвээрэгтэйгээс шалтгаалж борлуулах ханшаа тогтоосон аж. Тэнд төлөг 110-130 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин шүдлэн 130- 150, хязаалан 160-180, соёолон хонийг 190-220 мянган төгрөгөөр борлуулж байна. Сувай эм хонь 160-190, нас гүйцсэн эр хонь 220-250 мянган төгрөгийн үнэтэй аж. Зарим малчин ууцны эр хонийг 350 мянган төгрөгөөр борлуулж буйгаа хэлсэн. “Эмээлт” захад ямаа 100-150, хонь 150 мянган төгрөгөөр бөөнд нь борлуулж байна. Тус зах 16 га талбайтай. Цөөхөн хүн хонь, ямаагаа хашсан бол, олонх нь “Портер” автомашины тэвшин дээрээс борлуулж харагдсан. Иргэд өдөржин хашсан хонь, ямаагаа шөнө оройдоо бэлчээж, усалдаг аж.