Банк бус санхүүгийн байгууллагуудын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журмын дагуу арилжаа эрхлэгч бүх байгууллага ялангуяа “Найман шарга” төвийнхний үйл ажиллагааг цэгцлэхээ Санхүүгийн зохицуулах хороо мэдээлжээ. Үүний хүрээнд Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран ажиллаж буй. Гудамжинд, зөвшөөрөлгүйгээр валют арилждаг байдлыг таслан зогсоохыг СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах зөвлөх А.Баянмөнх дурдлаа. Гадаад валютын арилжаа эрхлэхдээ тухайн аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөлтэйгөөр, аюулгүй байдлыг хангасан ажлын байранд, татварын болон төрийн мэдээллийн ХУР системд бүртгүүлэх шаардлагатай болжээ. Мөн валют солиулсан үйлчлүүлэгчдэд НӨАТ-ын буцаан олголтод хамрагдан, сугалаанд оролцох боломжийг нь бүрдүүлэх учраас шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулахыг ББСБ-уудад анхаарууллаа.