Өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Экологийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй “ИРЛЭЭ-ЯВЛАА-ЦЭВЭР” аяны нээлтийн үйл ажиллагаа Хүй долоон худагт боллоо.
Тус аян нь байгальд аялахдаа хог хаяхгүй байх, буруу дадал хэвшлээ таслан зогсоох зорилготой бөгөөд аяны хүрээнд дараах 10 зорилтыг дэвшүүлж байгаа аж.
Тухайлбал, төлөвлөгөөтэй аялах, орчныг бохирдуулахгүй, ан амьдыг үргээхгүй байх, түүх соёлын дурсгалт газруудад хүндэтгэлтэй хандах, шинэ зам гаргахгүй байх, аюулгүй байдлаа хангах, байгальд ээлтэй хандах тал дээр зөв дадлыг хэвшүүлэх, бурууг таслан зогсоох, эерэг үйлдлийг бусдад уриалах, бусдын орон зайд хүндэтгэлтэй хандах зэрэг арван зорилтыг дэвшүүлж, олон нийтэд уриалж байгаа юм байна.
Мөн тус аяны хүрээнд хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөллөөс нээлтийн үеэр сэтгэгдлээ илэрхийллээ.
Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг “Өнөөдөр бид нар эх болсон байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах асуудал дээр нэгдэж байна. Бидний гаргаж буй нэг үйлдэл, нэг алхам байгальд үр ашигтай. Монголчууд мэддэггүйдээ байгальд хог хаядаг. Тухайлбал нэг хүүхдийн живх хаяхад 500 жил байгальд задардаггүй гэдгийг мэддэггүй. Үүнийг л мэдүүлэхийн тулд сар орчим янз бүрийн контент түгээсэн. Харин энэхүү зөв дадал хандлагыг олон нийтэд түгээхийг хамтдаа хичээцгээе” гэлээ.
“Туул голыг бохирдуулж байгаа гол зүйл нь хог хаягдал. Бид Туул гол орчимд амарч буй хүмүүст хогийн уут тараах, уриалгын самбар наах гэх мэтээр нөлөөллийн ажлуудыг хийж байна. Харьцангуй иргэдийн хандлага өөрчлөгдөж, хог хаягдлаа авч явдаг болсон байна" гэж Туул голын сав газрын захиргааны олон нийт сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн И.Наранчимэг хэлэв.