Өнгөрсөн баасан гараг болон амралтын өдрүүдэд орсон борооны улмаас нийслэлийн авто замууд усанд автаж, хэд хэдэн аймагт үер буув. Авто зам дээгүүр гол мэт урсах усыг туучих явдал нийслэлчүүдэд жил бүрийн зун тулгардаг. 190 орчим км урт, ус зайлуулах шугам бий гэдэг ч хэсэгхэн орсон аадарт л авто замууд усанд автчихдаг нь хачирхалтай. Өнгөрсөн баасан гарагт үер устай холбоотой найман дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ өдөр Өмнөговь аймагт үер буусны улмаас гэр бүлийн таван хүн автомашинтайгаа осолдож, амиа алдсан байна. Машинд эхнэр, нөхөр хоёр, хүргэн болон тав, найман настай охидын хамт зорчиж явжээ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумд дуу цахилгаантай, усархаг бороо баасан гаргийн 18.17-22.00 цагт орсноор үерийн далан сэтэрч, 53 айлын гэр, хашаа байшин усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа О.Ганбатаар ахлуулсан алба хаагчид сумын иргэдтэй хамтран 800 метр урт даланг засаж буй аж. Сэлэнгэ аймагт мөн үер бууж, нэг айл усанд автсан бол Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт зорчиж явсан хэд хэдэн тээврийн хэрэгсэл уруйн үерт автаж, аврагчид зорчигчдыг аюулгүй газарт хүргэжээ. Мөн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн багийн хоёр давхар цэцэрлэгийн барилгын зоорийн давхар усанд автсаны улмаас шал нь цөмрөн, хана нь цуурчээ. Тус цэцэрлэгийг “Комфорт импекс” ХХК барьж, өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд 15 хоног л үйл ажиллагаа явуулсан гэнэ. Түүнчлэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумд үер бууж, 15 айлын 1100 орчим бог, 60 бод урссан байна.