2020 онд 31 компани 4.78 тэрбум ширхэг хувьцаанд ногдох 94.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар ТУЗ-ийн шийдвэрээ Компанийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлснийг мэдээлэв. “Гутал” компани нэгж хувьцаанд 1520, “Монголын цахилгаан холбоо”, “Монос хүнс” нэг төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь хамгийн өндөр болон бага дүн аж. Тэгвэл мөнгөн дүнгээр АПУ компани хамгийн өндөр буюу 75.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн юм. Харин “Хөвсгөл хүнс” хамгийн бага буюу 791 460 төгрөг олгохоор болсон байна. Өнгөрсөн сарын 31-ний байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй (ҮЦТХТ) найман компани гэрээ байгуулж, 16 507 хувьцаа эзэмшигчийн 315 026 761 ширхэг үнэт цаасанд ногдох 4.32 тэрбум төгрөгийг байршуулж, тараагаад байжээ. Санхүүгийн зохицуулах хорооны Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай тогтоолд заасны дагуу бэлэн мөнгө, эсхүл компанийн хувьцаа болон бусад этгээдийн үнэт цаас хэлбэрээр хуваарилсан ногдол ашгийг зөвхөн эрх бүхий зуучлагч байгууллага болох ҮЦТХТ-өөр дамжуулан олгох гэрээний үндсэн дээр тараахыг компаниудын удирдлагад үүрэг болгосон. Үүний дагуу ҮЦТХТ-тэй гэрээ байгуулаагүй компаниудад дээрх хорооноос мэдэгдэл хүргүүлжээ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал