АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зээ дүү Мэри Трампын бичсэн “Хэтэрхий их ба хэзээ ч хангалттай биш: Миний гэр бүл дэлхийн хамгийн аюултай хүнийг хэрхэн бүтээсэн нь" ном Трампынхны гэр бүлийг нилээдгүй сандаргаж байгаа бололтой. New York Times сониний мэдээлснээр Трампын гэр бүл ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн тухай өгүүлсэн уг номыг хэвлэхийг шүүхээр хориглохыг оролдож байгаа ажээ. Трамп өмнө нь зээ дүү Мэри нь нууцыг үл задлах гэрээнд гарын үсэг зурсан тул өөрийнх нь тухай ном бичиж болохгүй гэж мэдэгдэж байжээ. Гэвч Мэригийн номыг урьдчилсан захиалгаар Амозон сайтад хэзээний хэвлэжээ. Ерөнхийлөгчийн дүү Роберт Трамп Нью-Йоркийн шүүхэд хандан Мэри Трампын нууцыг үл задлах гэрээнд гарын үсэг зурсныг үндэслэн дээрх номыг нийтэд хэвлүүлэхийг хориглох хүсэлтийг илгээсэн байна. Харин Мэри Трампын өмгөөлөгч мэдэгдэхдээ, ерөнхийлөгч болон түүний гэр бүл хүмүүс "үнэнийг мэдэхийг" хүсэхгүй байгаа тул "нийгэмд нэн чухал ач холбогдолтой асуудлуудыг хэлэлцсэн" номыг хэвлэгдэн гаргахыг болиулахыг оролдож байгаа аж. “АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийн ийнхүү бүдүүлгээр зөрчихийг шүүх зөвшөөрөхгүй” гэж өмгөөлөгчийн үгийг “New York Times” сонин иш татжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн зээ дүүгийн “Хэтэрхий их ба хэзээ ч хангалттай биш: Миний гэр бүл дэлхийн хамгийн аюултай хүнийг хэрхэн бүтээсэн нь" ном ирэх долдугаар сарын 28-нд хэвлэгдэн гарахаар төлөвлөгдсөн аж. Мэри Трамп уг номондоо “хэрхэн түүний авга ах дэлхийн эрүүл мэнд, эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн дэг журамд заналхийлж буй хүн болсныг тайлбарлахын тулд тэдний гэр бүлийн бараан талыг илчлэх болно” хэмээн уншигчдад амласан байна.