Урьдчилсан байдлаар энэ хавар нийт 490.2 мянган га талбайд тариалалт хийснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Үүнээс улаан буудай 358.3, төмс 17.4, хүнсний ногоо 8.5 мянган га-д тариалсан байна. Тосны ургамал 56.1, тэжээлийн ургамал 28.8, жимс, жимсгэнийг 3.5 мянган га талбайд тарьсан аж. Энэ нь улаан буудайн тариалалтын хэмжээг 100.4, төмснийхийг 117, тосны ургамлынхыг 135.2 хувиар давуулсан дүн аж. 2019 оныхтой харьцуулахад тариалангийн талбайн нийт хэмжээ 15-20 хувиар илүү байна.
Хаврын тариалалтад трактор 4533, үрлүүр 2747, хөрс боловсруулах техник 5740 орчмыг ашиглаж, үр суулгах ажлаа 20 гаруй хоногт дуусгасан гэнэ. Тариалалтын чанарыг соёололтоор нь тариалан бүхий 12 аймаг, 84 сумын 1158 аж ахуйн нэгж, иргэдийн 358.3 мянган га улаан буудайн талбайг хамруулан үнэлжээ. Ингэхэд нийт талбайн 73.6 хувь нь онц, сайн үнэлгээтэй гарсан байна. Энэ жил 372.5 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулахаар төлөвлөсөн бөгөөд өчигдрийн байдлаар 130 000 га-д нэгдүгээр боловсруулалтыг нь хийсэн аж. Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногийн байдлаар гурилын үйлдвэрүүдийн агуулахад 16.3 мянган тонн гурил, 38.3 мянган тонныг үйлдвэрлэх хэмжээний улаан буудайн нөөц байсан нь шинэ ургац гартал шаардагдах 54 000 орчим тонн гурилын хэрэгцээг хангах боломжтойг салбарын яам мэдээлэв.
Бэлтгэсэн: С.Дулам