Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” компанийн хувьцаагаар баталгаажсан бондын захиалгыг өнгөрсөн долоо хоногт авсан. Уг бонд нь 100 000 төгрөгийн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй юм. Тус компани таван тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон ч анхдагч зах зээлийн арилжаанд 528 иргэн, аж ахуйн нэгж оролцон, 6.7 тэрбум төгрөгийн захиалга ирүүлсэн аж. Иймээс төлөвлөгөөний дагуу 28.8 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэйд нь 58.8 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар болжээ. Санхүүгийн зохицуулах хороо анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэр гаргасан үед хөрөнгө оруулагчид бонд авч чадаагүй үлдсэн мөнгөө эргүүлэн авах эрх үүсэх юм байна.