...Цахилгааны олон салаа утас машины зам руу унжсан тул тэр хавийн оршин суугчид гэмтэж, бэртэхээс сэргийлэн, гялгар уут уяж, анхааруулжээ...
Сүхбаатар дүүргийн XIX хороо, Санзайн зуслангийн айлууд эрсдэлтэй орчинд амьдарч байна. Тодруулбал, “Багабаян” амралтын газар өнгөрөөд хатуу хучилттай авто зам дуусна. Түүнээс 500 орчим метр зайтай шороон замд ийм дүр зураг угтав. Урд талд нь мод үржүүлгийн том талбай, эргэн тойронд нь олон айл байх аж. Өндөр хүчдэлийн шон энэ сарын 15- нд унасныг иргэд хэлсэн. Цахилгааны олон салаа утас машины зам руу унжсан тул тэр хавийн оршин суугчид гэмтэж, бэртэхээс сэргийлэн, гялгар уут уяж, анхааруулжээ. Хүүхэд, хөгшид зусландаа гарсан, хөл хөдөлгөөн ихэссэн энэ үед унасан шонг яаралтай босгож, аюулгүй байдлыг хангахгүй бол олон хүн амь, эрүүл мэндээрээ хохирч мэдэх нь. Түүнчлэн энэ хавийн шороон зам энхэл донхол ихтэй, бороо орсон үед машин явах ямар ч боломжгүйн дээр эд ангийг нь гэмтээх энүүхэнд гэдгийг иргэд шүүмжилсэн.
Бэлтгэсэн: О.Оргилох