“Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2020”-д манай улс харьцуулах боломжтой сонгогдсон 63 орноос 61 дүгээрт эрэмблэгджээ. Швейцарын Луизанн хотод төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс улс орнуудыг эдийн засгийн чадамж, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагуудынх нь ашигт ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтээр дүгнэдэг юм байна. Мөн татварын орчин, хүний нөөцийн чадавх зэрэг 337 дэд шалгуур тавьдаг аж. Дээрх тайланд манай улсыг эдийн засгийн чадамжаар 59, засаглалын үр ашгаар 53, дэд бүтцийн хөгжлөөр нь 62 дугаарт оруулжээ. Харин 2019 оны ДНБ-ий бодит өсөлт, авьяас, ур чадварыг татах чадамжаар дөрөв, татварын дараах орлогын түвшнээр 11 дүгээр байрт эрэмбэлсэн аж. Улмаар энэ онд коронавирусийн тархалтын нөлөөгөөр ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэн, чанаргүй зээл, Засгийн газрын гадаад өртэй холбоотойгоор манай эдийн засаг, санхүүгийн салбарт томоохон хүндрэл учрах хандлагатайг тэмдэглэжээ. Мөн УИХ, орон нутгийн сонгуулийг угтсан улс төрийн тодорхойгүй байдал үүсэн, популист үзэл нийгмийг хамрах магадлалтай хэмээн онцлов. Дээрх жагсаалтыг Сингапур улс тэргүүлсэн бол Дани, Швейцар удаалж, 62, 63 дугаар байрт Аргентин, Венесуэл бичигдсэн байна.