Хүн сийрэг, мод, бургас шигүү хэсгээр явахад л “онцгой” үнэр хамар сэтлэх шахна. Дотор муухайрч, огиудас хүрэм таагүй үнэр амьсгалах эрхтний ажиллагааг үе үе шалгав. “Би л угийн үнэрч учраас ......” гэж тоохгүй байхыг хичээвч дахиад л сэнгэнэнэ. Ийн явтал зурагчин ах “Одоо үнэртэж байгаа биз дээ. Энэ хавь битүү баас, шээстэй” гээд өнөөх учир битүүлэг үнэр хаанаас үүсвэртэйг тодорхой болгов. Тэгснээ “Доошоо харж явахгүй л бол гутлаа хайран болгоно шүү” гэж сэрэмжлүүлэхээ мартсангүй. Ойр хавиа тогтож ажиглавал малын ч, хүний ч ялгадас энд тэндгүй.
Хатдаг нь хатаж, зарим нь бүр гишгэлэн болчихож. Хонуут өнжүүт тухалсан хүмүүс олны хөлөөс зайдуухан газарт шомбойн суугаад л байгальд “дурсгал” үлдээчихдэг аж. Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан “Аялагчдын үлдээсэн “мина” хаа сайгүй” гэж хошигнов. Байгалийн сайханд амарч тухлах боломжийг хүмүүст олгосныхоо төлөөсөнд хог, ялгадсаар харамгүй “шагнуулж” буй энэ газар бол Налайх дүүргийн I хорооны нутагт хамаарах Тэрэлж. Бүр тодруулбал, Тэрэлжийн гүүр, Туул гол орчим.
2020.06.13. 14.00 цаг. Хүн харьцангуй бага байсан ч цаг өнгөрөх тусам нэмэгдсээр. Энэ хавь аялагчдын хөлд сүйдэж эхэлснийг голын ойр орчимд босох тоос, шороо илтгэнэ. Амрагчид сэлүүхэн, гол, устай ойр байрлах гэж овон товон газрыг хэдэнтээ тойрч сүлжин, төмөр хүлгийнхээ дугуйгаар хавийн зүлэг ногоог хайр гамгүй элдсэнээс энд тэндгүй халцарчээ. Түүдэг асаасны ул мөр, хорхогны чулуу хаа сайгүй харагдана. Архи, шар айргийн шил, лааз, ундаа, усны хуванцар сав овоолоостой. Аюултай хог хаягдалд тооцогддог, зориулалтын газарт хаяна гэж манай улс хуульчилсан шингэрүүлсэн хийн сав ч энд тэндгүй хөглөрнө.
Байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Тэрэлжийг унаган төрхөөр нь хамгаалж, аялал жуулчлалыг зохистой хөгжүүлэх зорилгоор 1994 онд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд бүртгэж, хариуцах хамгаалалтын захиргаа байгуулсан түүхтэй. Гэвч энэ бүсийг тусгай хамгаалалтад авсан учир шалтгаан өдгөө алдагдаж, Тэрэлж төвлөрсөн хогийн цэг болох аюулд ойртжээ. Хариуцсан байгаль хамгаалагчид нь ч “Бид үнэндээ хүчрэхгүй байна. Тогтмол цэвэрлэдэг ч амралтын өдрүүдэд хогон овоолго үүсдэг” гэж гомдоллов.
Гол дагуух хаягдал ихэссэн учраас хог түүж, амьжиргаагаа залгуулдаг иргэд ч Тэрэлжид төвхнөх болсныг Туулын гүүрний хяналтын цэгийн ажилтан хэллээ. Байгаль хамгаалагчид эхэндээ тэднийг хөөдөг байсан ч сүүлдээ бууж өгчээ. “Хог түүдэг иргэд хаягдлыг ангилж ялгаад, хэрэгтэйгээ авчихдаг юм. Тэд байгаль хамгаалагчдын ажлыг хөнгөвчилдөг” гэж тэрбээр ярив. Шар айргийн лааз, хуванцар савнуудыг хоёр хэсэг болгож жигтэйхэн нямбай ялгасан ажлыг хэн хийсэн нь эндээс тодорхой болов.
Тэрэлж, Туул хогонд дарагдлаа, аялагчид хариуцлагагүй байна гэж шүүмжлэх хүн олширсон. Төрийн байгууллагууд ч “Бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, төдөн шуудай хог түүлээ” гэж өөрсдийгөө сурталчилж, “Иргэдийн экологийн боловсрол муу байна” хэмээн ховлохоос бодитой ажил хийдэггүй. Харин одоо байгаль орчны болон аялал жуулчлалын байгууллагууд үүнд анхаарч, бодитой ажил хийх цаг нь болжээ. Үгүй бол үзэсгэлэнт Тэрэлж, Туул гол минь аялагчдын хөлд сүйдсээр, хогийн цэг болох нь.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан нуураа бохирдохоос сэргийлж, хяналтын цэгээр дайрсан хүн бүрт хогийн уут өгч, хаягдлаа тушаахыг сануулдаг. Яг л ийм зохицуулалт Тэрэлжид үгүйлэгдэж байна. Ил, задгай хог хаявал 50-500 мянган төгрөгөөр торгоно гэсэн “идэвхгүй” хуулийнхаа хэрэгжилтийг сайжруулахын хамтаар байгальд хогийн машин байнга очдоггүйг иргэдэд сануулъя.
15.30 цаг. Онцгой байдлын алба гэсэн бичигтэй цагаан “Фургон” тоос татуулан ирсэн нь Налайх дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийнхэн байлаа. Аврагч С.Отгонбаяр “Бид нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Тэрэлжийн гармаас Майхан уулын энгэр хүртэлх 45 км газарт завьт болон явган эргүүл гурван сарын хугацаанд өдөр бүр хийнэ. Өнөөдөр гэхэд бид энэ хавиар гурав дахиа явж байна. Дүүргийн Цагдаагийн болон Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийнхэнтэй хамт эргүүлд гарах байсан ч түрүүлээд ирчихлээ. Ер нь Тэрэлж жилийн жилд л ийм байдаг” гэв.
Найз нөхөд, хамт олноороо салхинд гарсан хүмүүс голын хөвөөнд архидан согтуурч, хоорондоо зодолдох нь байнгын үзэгдэл гэнэ. Түүнчлэн байгальд зоог барихын тулд хорхог хийж, ил, задгай гал түлэх зэргээр тансагладаг аж. Тиймээс аврагчид гал, усны аюулаас сэрэмжлүүлэх зорилгоор байнга эргүүл хийхээс аргагүйд хүрдэг аж. Хэдий тэдний чиг үүрэгт тусгагдаагүй ч аврагчид хог хаягдалд санаа тавьдгаа энэ үеэр онцлоод, “Иргэдэд шаардлага тавихад “За, ойлголоо” гээд их дуулгавартай, уриалгахан хүлээж авдаг ч хогоо хаяад л явчихдаг. Бид энэ асуудлыг яаж шийдэх ёстой юм бол гээд хоорондоо ярилцахаас хэтэрдэггүй. Яг газар дээр нь хяналттай байлгахгүй л бол хэцүү” хэмээн толгой сэгсрэв.
16.10 цаг. Амрагч нэмж ирсээр энэ тэндгүй машин, майхан алаглан харагдана. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд голын хөвөө, элс бараадаж, хамт олон, найз нөхдөөрөө яваа нь олны хөлөөс зайдуу бөөгнөрөл үүсгэнэ.
Нутгийн зөвлөлийнхнийхөө урилгаар Улаанбаатарт арга хэмжээнд оролцоод, буцахынхаа өмнө Тэрэлжид амарч буй Баянхонгор аймгийн Баацагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөл тэнд автобустай
иржээ. Хаана бие засаж болох, энэ хавьд ариун цэврийн байгууламж бий, эсэхийг тэднээс асуухад засмал замаас холгүй байх амралтын газрыг зааж өглөө. Зургаан дүнзэн байшин, гурван гэртэй уг амралтын газрын менежер гэж өөрийгөө танилцуулсан бүсгүй нэрээ хэлэхээс татгалзаад “Манайх байгуулагдаад удаагүй. Хашаагаа гүйцээж татаагүй учраас хавь ойрын хүмүүс ирж бие засаад л байгаа. Угаасаа энэ хавьд жорлон байхгүй” гэв.
Бидний очсон газар, тодруулбал, “Мойлтын тохой” амралт, сувиллын цаахна таван ийм газар гол дагуу байх ч цөм (дээрхээс бусад) төмөр хашаатай. Заримынх нь дотор хүмүүс бужигнаж байвч үүдээ дангинатал түгжчихсэн харагдлаа. Амрагчид дураараа орж, гарах вий гэсэндээ ийм арга хэмжээ авсан бололтой. Зарим амралтын газрынхан иргэдийг дотогш оруулахдаа нягталж шалгадаг гэж иргэн Б.Гантүлхүүр хэллээ. Хоёр хүүхдээ агаарт гаргахаар гэр бүлийнхэнтэйгээ ирсэн тэрбээр “Аялагчид жорлонгийн талаар бодохгүй л энд ирж байгаа. Манайхан хөдөө хээр хаана ч хамаагүй л бие засчихдаг учраас нэг их ойшоохгүй л дээ. Гэвч алсдаа энэ нь байгальд л хортой” гэв. Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тулгамдаж буй бас нэг бэрхшээл нь ариун цэврийн байгууламж аж.
Тэрэлж бол хотод хамгийн ойр аялал жуулчлалын бүс нутаг. Өвлийн утаа, зуны халуунаас зугтсан иргэд ийшээ зорьж, амьд байгалийн энергийг мэдэрдэг. Харин Туул бол нийслэлчүүдийг ундны усаар тэжээн тэтгэгч, амьтай бүхэн өсөж үржин, урган гүйцэх эх үндэс.
С.БААСАНХОРЛОО: ОТОГЛОХ ЦЭГ БАЙГУУЛБАЛ ОЛОН АСУУДЛЫГ ШИЙДНЭ
Горхи,Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч С.Баасанхорлоогоос дараах зүйлсийг тодрууллаа.
-Танай цогцолборт газарт амралтын өдрүүдэд хэчнээн хүн аялж, зугаалдаг бол?
-Зун дунджаар 45 000 орчим хүн аялдаг гэсэн тооцоо бий. Долоо хоногийн бямба, ням гарагт л багадаа 1000 машин ирдэг. Хяналтын цэгээс олгодог хураамжийн тасалбараар баримжаалж гаргасан тоо. Нэг машинд дунджаар 4-5 хүн ирлээ гэж тооцоход л долоо хоногтоо 4000-5000 аялагч хүлээж авна. Хамгийн багаар бодоход л ийм.
-Тэрэлжид тулгамдаж буй гол асуудал нь хог хаягдал. Ер нь та бүхэн үүнтэй хэрхэн тэмцдэг вэ?
-Бид Налайхын ТҮК болон төрийн бус байгууллагуудтай хамтран хогоо тогтмол цэвэрлэдэг. Дүүргийн ТҮК сар болгоны эх, сүүлчээр ирж хог ачдаг. Манай захиргааны мэдлийн хогийн машиныг акталсан учраас бид төрийн бус байгууллагынхныг дайчлаад, заримдаа машин түрээслээд хаягдлаа ачуулдаг. Хамгаалалтын захиргааг хог тээвэрлэдэг тусгай машинаар хангана гэсэн мэдээ дуулдаад л байгаа. Хэзээ ажил хэрэг болохыг нь мэдэхгүй. Бид чадлынхаа хэрээр цэвэрлэдэг ч амралтын хоёрхон өдөрт л хогон овоо үүсчихдэг. Туул гол зундаа хааяа хааяа үерлэж л өөрийгөө цэвэрлэж байна.
-Иргэдийн хандлага, экологийн боловсрол муу байна гэж шүүмжлэх нь олширсон. Та үүнтэй санал нийлэх үү. Тийм бол иргэдийн хандлагыг яаж өөрчлөх вэ?
-Нэг үеэ бодвол иргэдийн хандлага сайжирсан. Шаардлага тавихад эсэргүүцэж, бухимдан хүлээж авах нь бага болсон шүү.
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын аялагчид төвлөрдөг хэсэгт хаягдлын судалгаа хийхээр хогийн сав хэд хэдийг байршуулж байснаа буцаагаад авчихсан юм. Энэ нь иргэдийг төөрөгдүүлж, тухайн бүсэд хог төвлөрүүлдэг гэсэн ойлголт өгсөн болов уу.
-Тэрэлж бол хөл хөдөлгөөн ихтэй жуулчлалын идэвхтэй бүс. Энэ газар нутгийг хянахад хүн хүчний хүрэлцээ хангалттай юу?
-Хүн хүч үнэхээр дутмаг. Бид зөвхөн хог цэвэрлэдэггүй шүү дээ.
-Ариун цэврийн байгууламжийн асуудлыг даруй шийдэхгүй бол Туул голын хөвөө жорлон болоход ойрхон байна.
-Тийм шүү. Энд тэндгүй ялгадас бий. Ариун цэврийн байгууламж, автомашины зогсоолыг шийдэх зорилгоор БОАЖЯ-наас Тэрэлжид отоглох цэг байгуулахаар болсон. Төсөл, хөтөлбөрийг нь баталсан ч таг чиг. Үүнийг хэрэгжүүлбэл энэ бэрхшээлийг шийдэх боломжтой.
-Хөвсгөлийнхний жишгээр аялагчдад уут өгөөд, хогийг нь нэгдсэн цэгт төвлөрүүлж болохгүй гэж үү?
-Наадмын үеэр л ийм арга хэмжээ авдаг. Бид төр, засгийг харж зүгээр суулгүй, энэ чиглэлийн төсөл боловсруулахаар судалж байгаа.