Улс орнуудын газар зүйн байршил, хөгжлийн түвшин, дэд бүтэц, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж зэргийг харгалзан хүн амд нь учрах эрсдэлийг тооцдог. 1-9 оноогоор дүгнэдэг эрсдэлийн судалгааны хамгийн сүүлийн буюу 2018 оны тайланд манай улс 4.8 оноо авчээ. Уг судалгааг “Мандал даатгал” компани 2008 оноос хойш хийж буй бөгөөд 2013 онд 5.4 оноо авч байсан бол хоёр жилийн өмнө 0.6 нэгжээр буурсан байна. Гэсэн ч 2018 онд иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд 1.1 их наяд орчим төгрөгийн шууд хохирол учирсан нь өндөр дүн. Үүний 75 хувь нь эрүүл мэндийн зардалд ногдсон ба энэ нь 2017 оныхоос 99 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн болжээ. Нэг жилд хохирлын хэмжээ ийнхүү огцом өсөхөд үерийн улмаас амссан хохирол 21, хувийн болон улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардал 105 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн гэнэ. Эндээс бид нэг өдөрт 350 сая, сард 10.5, нэг жилд 126 орчим тэрбум төгрөгийг эрүүл мэндийн үйлчилгээ авч, гэнэтийн осолд орсны улмаас төлсөнийг ойлгож болно. Хэрэв эрсдэлд өртсөн иргэн, аж ахуйн нэгжүүд даатгалд хамрагдсан байсан бол уг мөнгөний дийлэнх хувийг даатгалын компаниар гаргуулах боломжтой байв.
...Ямар нэгэн эрсдэл учрахад санхүүгийн хямралд өртдөг хүмүүс нь цалин, орлого багатай, дундаж давхаргынхан байдгийг олон улсын судалгаа харуулдаг. Тиймээс иргэн бүр өөрт тохирох даатгалын үйлчилгээг сонгон, түүнд хамрагдвал ирээдүйд учрах санхүүгийн хүндрэлээ зохих хэмжээнд шийдвэрлэж болох юм...
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар ердийн болон урт хугацааны даатгалын компани, төлөөлөгч, зуучлалын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, иргэд 2600 гаруйд хүрэв. Харин давхар даатгалын нэг компани бий юм. 1-3 дугаар сард даатгалын гүнзгийрэлт буюу тус салбарт төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 0.44 хувьтай тэнцсэн нь 2019 оны мөн үеийнхээс 0.01 хувиар буурсан дүн болжээ. Дээрх хугацаанд даатгалын салбарын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар нэмэгдэн, дөрөвдүгээр улирлынхаас нь 4.3 хувиар багасан 350 тэрбум төгрөгт хүрсэн байна. Давхар даатгалын компанийн нийт хөрөнгө нэгдүгээр улиралд 2019 оны мөн үеийнхээс 22.4 буюу тавны нэгээс илүү хувиар буурч 54.1 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын нийт хөрөнгийн 15.5 хувийг эзэлсэн дүн болжээ. Давхар даатгалын компанийн хөрөнгө ийнхүү буурсан нь нэг компанийг татан буулгасантай холбоотой юм. Харин ердийн даатгалын компаниудын хөрөнгө даатгалын бусад төрлийн үйлчилгээний хураамжийн хэмжээтэй харьцуулахад нэг жилд 15.1 хувиар нэмэгдэн 286.4 тэрбум гаруй төгрөгт хүрэв.
Өөрөөр хэлбэл, даатгалын салбарын нийт хөрөнгийн 81.8 хувийг бүрдүүлсэн гэсэн үг. Ийнхүү ердийн буюу жолоочийн хариуцлага, тээврийн хэрэгслийн зэрэг даатгалын үйлчилгээний хөрөнгийн өсөлт өндөр байгаа нь иргэд албан журмын даатгал л хийлгэдгээс сайн дурын даатгалын хураамж төлөхөөс зайлсхийх хандлагатай байгаагийн нэг жишээ юм. Ер нь дэлхий нийтэд гэнэтийн ослын давтамж нэмэгдэн, эрүүл мэндийн үйлчилгээ, агаарын тээвэр, аялал жуулчлалын өртөг зардал тогтмол өсөж буй энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүд сайн дурын даатгалд аль болох хамрагдахыг хичээн, өөрт учрах эрсдэлийг бууруулахад анхаарах ёстойг мэргэжилтнүүд хэлдэг. Үүний тулд олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах учиртай. Энэ тухай болон манай улсын даатгалын салбарын өсөлт, бодлого, төлөвлөлтийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны Санхүүгийн боловсрол, сургалтын албаны дарга М.Өлзийбат ийн ярив. Тэрбээр “Манай улсын даатгалын салбарын үйл ажиллагаа, татан төвлөрүүлж буй хөрөнгийн хэмжээ жилээс жилд тогтмол өсөж байгаа. Тухайлбал, салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2019 оны эцэст 365.8 тэрбум төгрөг байв. Даатгалын компаниудын хөрөнгийн дундаж өсөлт 2018 онд 26.8, 2019 онд 9.4 хувьтай байсан. Хураамжийн орлого өнгөрсөн жил 196.6 тэрбум төгрөгт хүрсэн нь 2018 оныхоос 11.8 хувиар өссөн үзүүлэлт юм” гэлээ. Гэсэн ч даатгалын салбарын хөгжлийн гол үзүүлэлтүүд тааруу хэвээр байгаа аж.
Олон улсын жишгээр даатгалын салбарын хөгжлийн түвшнийг гүнзгийрэлт, нягтрал гэсэн үзүүлэлтээр хэмждэг. Даатгалын гүнзгийрэлт гэдэг нь хураамжийн нийт орлогыг ДНБ-д харьцуулсан харьцаа, нягтрал нь нэг хүнд ногдох хураамжийн орлогын хэмжээ юм. Манай улсын даатгалын гүнзгийрэлт 2019 оны эцэст 0.56 хувьтай байсан нь дэлхийн дунджаас 10, хөгжиж буй орнуудын дунджаас тав дахин бага үзүүлэлт болжээ. Тэгвэл даатгалын нягтрал ойролцоогоор 60 078 төгрөг буй нь дэлхийн дунджаас 35, хөгжиж буй орнуудынхтай харьцуулахад ес дахин бага дүнтэй байна. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нь үнэлбэл нийт иргэдийн 94.5 хувь нь ямар нэгэн байдлаар албан журмын, 30 хүрэхгүй хувь нь сайн дурын даатгалд хамрагддаг аж. Эл үзүүлэлт нь манай улсад даатгалын хүртээмж тун хангалтгүй байгааг илтгэж байна. Иргэдийг сайн дурын даатгалд хамруулахын тулд заавал даатгах даатгалын нэр төрлийг цөөрүүлж, сайн дурын даатгалыг түлхүү хөгжүүлэхэд чиглэсэн эрх зуйн зохицуулалтыг төрөөс бий болгох хэрэгтэйг эл салбарынхан хэлж байна. Мөн үндэсний давхар даатгалын тогтолцоог бүрдүүлэх, тус салбарын холбогдох хуулиудыг шинэчилж, хүртээмж, чанарыг өсгөх, зах зээлийнх нь тогтвортой байдлыг хангах, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчныг сайжруулах, иргэдийн санхүүгийн боловсрол, суурь мэдлэгийг дээшлүүлэх учиртайг Санхүүгийн зохицуулах хорооныхон дурдаж байв. Харин
“Мандал даатгал” компанийн Маркетинг, бизнес хөгжил хариуцсан захирал З.Одмаа албан журмын даатгалын бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулбал даатгалын хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд учрах хохирлыг бууруулж чадна гэж байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Улс орны эдийн засаг тэлэхийн хэрээр даатгалын салбарын хөрөнгө өсөн, үйл ажиллагаа нь өргөждөг. Тиймээс ч хөгжингүй орнуудад бүх төрлийн даатгалын үйлчилгээнд хамрагдах хүрээ их буюу иргэд, аж ахуйн нэгжүүд нь бараг бүрэн даатгалтай байдаг. Гэтэл манайд албан журмын даатгалын хураамжийг л төлдгөөс, сайн дурынхыг төлөх нь бага. Хэрэв гэнэтийн осол, эд хөрөнгө, эрсдэлтэй нөхцөлд ажиллалаг хүмүүсийн эрүүл мэндийн даатгалыг албан журмынх болговол нийт иргэнээ даатгалд хамруулах боломж бүрдэнэ. Энэ хэрээр даатгалын компаниудын орлого өсөн, харилцагчийн тоо олширч, эрсдэл учрахад нөхөн төлбөр төлөх чадвар, бааз суурь нь бэхжинэ гэсэн үг” хэмээн тодотгов. Мөн Монголд давхар даатгалын компаниудыг хөгжүүлж чадвал даатгалын компаниудаас давхар даатгагч, гадаадын компани руу шилжиж буй мөнгөн урсгалыг сааруулж, дотооддоо валютаа авч үлдэх боломжтойг онцлов. “Мандал даатгал” компани гэхэд хураамжийн орлогынхоо 35-40 хувийг давхар даатгал хийлгэхэд зарцуулдаг юм байна.
Автомашин эзэмшигч иргэн бүр жолоочийн хариуцлагын буюу бусдад учруулсан хохирлыг төлүүлэх даатгалтай. Тэгвэл 15 хувь нь тээврийн хэрэгслийн буюу өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр гэрээ хийжээ. Манай улсад сүүлийн 3-4 жил жил бүр зам, тээврийн 120 000 орчим хэрэг, зөрчил гарсан дүн бий. Ер нь иргэдийн олонх нь үр шимийг нь хүртэж чадахгүй байх магадлалтай тул сайн дурын даатгалд хураамж төлөх хэрэггүй гэсэн хандлагатай байдаг. Гэвч ямар нэгэн асуудал үүсвэл даатгалаас авах нөхөн төлбөр нь нэг жилийн хураамжийн хэмжээнээс олон дахин илүү байдаг юм. Ямар нэгэн эрсдэл учрахад санхүүгийн хямралд өртдөг хүмүүс нь цалин, орлого багатай, дундаж давхаргынхан байдгийг олон улсын судалгаа харуулдаг. Тиймээс иргэн бүр өөрт тохирох даатгалын үйлчилгээг сонгон, түүнд хамрагдвал ирээдүйд учрах санхүүгийн хүндрэлээ зохих хэмжээнд шийдвэрлэж болох юм.
Өдгөө даатгалын компаниуд нээлттэй засаглалд шилжихийг эрмэлзэн IPO хийх нь нэмэгдсэн. Энэ нь олон нийт, улсын эдийн засагт ямар өгөөжтэй талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах референт Ц.Цэрэнтогтох “Товчхондоо, даатгалын компаниууд зах зээлээ тэлж, бусад салбарт хөрөнгө оруулдаг болж өргөжихөд хувьцаат компани байх нь хамгийн тохиромжтой. Ийм жишиг олон улсад бий. Тиймээс манай компаниуд алс хэтдээ хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хөрс сууриа бэлтгэн IPO гаргаж байгаа юм. Мэдээж хөрөнгийнхөө тодорхой хувийг олон нийтэд санал болгосноор компанийн засаглал сайжирч, олон улсын тавцанд гарах, өсөн дэвжих боломж бүрдэнэ. Ер нь даатгалын компаниуд хураамжийн орлогоороо л “амьдарч” чадахгүй. Зах зээлээ тэлж, олон улсад өрсөлдөн, давхар даатгал хийх чадамжтай байхын тулд нээлттэй компани болох шаардлагатай” гэв. Дээр дурдсанчлан, манай улсын даатгалын салбарын үйл ажиллагаа өргөжин, хураамжийн орлогоос төвлөрүүлж байгаа, нөхөн олговорт зарцуулж буй мөнгөн хөрөнгийн хэмжээ тогтмол өсөж байна. Гэсэн ч давхар болон урт хугацааны даатгалын компаниуд өргөжиж чадахгүй байсаар. Түүнчлэн иргэд сайн дурын даатгалд хамрагдах сонирхолгүй, санхүүгийн хүндрэл тулгарахад зохицуулах төлөвлөгөө байхгүй буюу даатгалын бүтээгдэхүүний чанар сайжрахгүй хэвээр байгаа юм.