МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог, Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хорих 461 дүгээр ангид албадан саатуулахаар шүүхээс шийдвэрлэсэн. Үүний дагуу түүнийг өнгөрөгч бямба гаргийн 01.45 цагт гэрээс нь баривчилж, 461 дүгээр ангид саатуулав.
“НАМ ДОТОРХ ТЭМЦЛЭЭ ЗОГСОО”
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн бямба гарагт МАН-аас мэдээлэл хийж, зарим хуульч байр сууриа илэрхийллээ. Ж.Эрдэнэбатаас гадна бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн саатуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж, нэр дэвшигчдийг хамгаалахыг эрх баригч нам шаардаж, Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр хандсан юм. Мөн АН-аас мэдэгдэл гаргасан бөгөөд “Нийт ард түмний сонгох эрх, сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг улс төрийн шударга бус өрсөлдөөнөөс хамгаалахын тулд нэр дэвшигчдийн эрх зүйн байдлыг олон улсын эрх зүйд нийцүүлэн манай улс хуулиар баталгаажуулсан. Тухайлбал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлээр үүнийг хуульчилсан билээ. Бүх нийтийн сонгууль нь оролцогч нам, эвсэл, нэр дэвшигч, төрийн аппаратын асуудал биш. Энэ нь тухайн улсын ард түмнээс засгийн бүх эрх мэдлийг хэрэгжүүлэх арга зам юм. Тиймээс нам доторх эрх мэдэл, албан тушаалын төлөөх харгис тэмцлээ зогсоох, тэмцэлдээ ил, далд хэлбэрээр хууль, шүүхийн байгууллагыг татан оролцуулж, намын дотоод асуудлаа төрийн хэрэг болгож байгааг АН эрс буруушааж байна. Иймд нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг баривчлан, цагдах хорихтой холбоотой асуудлыг хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороогоор шийдвэрлүүлэхийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн дурджээ.
“СОНГОХ ЭРХИЙГ Ч ШОРОНД ХИЙЛЭЭ”
МАН-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр тус намын Хууль, эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат үүнийг илт хууль зөрчсөн үйл ажиллагаа гээд, “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.2-т үнэмлэхээ авсан, албан ёоор нэр дэвшиж байгаа хүнийг эрүүгийн хэрэгт татах, холбогдуулах, хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, цагдан хорих тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авахаар заасан. Гэтэл шүүх, хуулийн байгууллагынхан зөвшөөрөлгүйгээр албадан хорилоо” хэмээв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “УИХ-ын гишүүн, сонгуульд нэр дэвшиж байгаа хүнийг албадан саатуулна гэдэг нь тухайн хүн, эсвэл намтай холбоотой асуудал биш. Энэ нь Монголд хууль хэрэгжих үү, үүнийг сахиулах ёстой шүүх нь хуулиа дагах уу, төрийн эрх мэдэл ард түмэн, аль эсвэл нөлөөнд автсан, “хонгил”-ын хэдэн шүүгчийн гарт байх уу гэдэг нь том асуудал. УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрх эдэлнэ. Түүнийг нь хуулиар хязгаарлана. УИХ-ын тухай хуульд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглохоор заасан. УИХ-аас зөвшөөрөл авч байж эдгээр ажиллагааг явуулдаг. Зөвхөн Монголд биш, парламентын засаглалтай бүх улсад ийм хууль үйлчилдэг. Учир нь УИХ-ын гишүүн бол ард түмний элч. Мөн гишүүний халдашгүй байдалд халдаж, баривчлах, саатуулах замаар төрийн эргэлтүүд хийдэг. Түүнчлэн ийм замаар ард түмний элчийн амыг боох гэж оролддог” гээд бүх шүүгч, хуульч, өмгөөлөгч, прокурорыг эл хууль бус үйл ажиллагааны эсрэг үгээ хэлэхийг уриалав.
УИХ-ын даргын зөвлөх, хуульч Ж.Сүхбаатар “Нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихгүй байх заалтыг хуульд анх тусгуулсан хүний нэг нь би. Сонгох, сонгогдох нь Монгол Улсын иргэний үндсэн эрх. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зорилго нь зөвхөн сонгууль явуулахтай холбоотой бус, сонгох, сонгогдох эрхийг баталгаатай хангахад оршдог. Шүүгч нар энэ үйлдлээрээ парламентын ардчилалд заналхийллээ. Дарангуйлалд өртөхгүй байх гол баталгаа нь парламент. УИХ-ын гишүүн буюу ард түмнийг төлөөлөгчийн бүрэн эрх хэн нэгэн этгээд, тэр тусмаа шүүгчээс хамаарах ёсгүй. Үүнийг хүлээн зөвшөөрвөл цаашид хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх, эсэхийг шүүх шийддэг болох нь. Монгол Улсад хууль, шүүхийн мафи бий болсныг долоон жилийн өмнө хэлсэн” гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан, хуульч Б.Энхбаяр “Хуулийн хулгайтай тэмцэх ажлыг хаанаас эхлүүлэх нь улам бүр тодорхой болж байна. Миний бие дэд сайдаар томилогдмогц Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг ахлан ажилласан. Тэр үед Засгийн газрыг Ж.Эрдэнэбат тэргүүлж байсан. УИХ-ын гишүүн, сайд нарт холбогдох 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, хууль, хяналтын байгууллагуудад шилжүүлсэн ч тэднийг дөрвөн жилийн турш хаацайлж, өмгөөлж, ял завшуулсан. Тэр хүмүүс одоо өшөө авч, Ж.Эрдэнэбатыг ард түмний сонгох эрхтэй нь хамт шоронд хийлээ” хэмээн онцлов.
“ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ЗАРЧМАА ХАМГААЛААГҮЙ АТЛАА УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЗОРИУД ОНИЛСОН”
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр мэдэгдэл гаргасан бөгөөд тэрбээр “Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа сонгон бүрдүүлэх ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж буй энэ түүхэн чухал цаг үед парламент баталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад бүдүүлгээр халдлаа. Парламентын засаглалтай, тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын хууль тогтоох байгууллагын даргын хувиар энэхүү мэдэгдлийг хийж байна. Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 20 гаруй хүн энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байна. Энэ талаар огт дуугараагүй, шүүх засаглалын зарчмаа хамгаалаагүй атлаа хуульд заасан бүрэн эрх нь хүчин төгөлдөр хэвээр буй УИХ-ын гишүүн, түүний дотор нэг намын нэр дэвшигчдийг зориудаар онилсон гэмт үйлдлийг эрс буруушааж байна. Шүүх, шүүгчдийн энэхүү үйлдэл нь Үндсэн хууль, УИХ-ын болон УИХ-ын сонгуулийн тухай хуулиудыг ноцтой зөрчлөө. Тухайлбал, Үндсэн хуулийн 25.2-т “УИХ-ын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэж заасан. Тиймээс Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрх хүчин төгөлдөр хэвээрээ. Дээрх үйлдэл нь хуулийг уландаа гишгэж, дураар авирласан, гэмт хэргийн шинжтэй болсон нь илэрхий байна. Шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим хууль дээдлэхэд оршдог. Шүүгч зөвхөн Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлж шийдвэр гаргана гэж тангараг өргөдөг. Гэтэл зарчмаа, тангаргаа илт зөрчсөн үйлдэл хийж байгаа нь хуулийг хулгайлах замаар төрийн эрх мэдэлд халдах санаархал, зөвхөн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар ажиллах зарчмаа худалдах ичгүүргүй оролдлого гэж үзэхээс өөр арга алга. Төрд Монголын ард түмэн өөрийн элч, төлөөлөгчийг сонгох замаар засаглах эрхээ эдлэхэд хэн ч, ямар ч байгууллага саад хийх ёсгүй. Саад хийхийг оролдсон, хүний эрх, эрх чөлөө, парламентын засаглал, цаашилбал монгол төрийн дархлаанд заналхийлсэн ийм үйлдэл хэрхэвч байж таарахгүй” хэмээн онцолсон байна.