Туркийн Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар (ЕКГ)-ын дэд консулаар ажиллаж байсан Б.Баттүшиг, жолооч асан С.Эрдэнэбаяр нарт чанга дэглэмтэй ангид 11 жил хорих ял эдлүүлэх шийдвэрийг ХБНГУ-ын Дрезден хотын шүүхээс гаргасныг tag24.de цахим хуудсанд мэдээллээ. Тэд 2019 оны тавдугаар сарын 3-нд Чехээс ХБНГУ руу нэвтрэх А17 хурдны замаар, Дрезден хотын нутаг дэвсгэрт дипломат дугаартай автомашинтай явж байхдаа гурван сая еврогоор үнэлэгдэх 70 кг хар тамхи тээвэрлэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, хууль сахиулах байгууллагынханд нь шалгуулсан юм. Тодруулбал, тэд 34 СС3221 гэсэн дипломат дугаартай “Мерседес бенз” загварын суудлын автомашиныхаа тээшинд тус бүр нь 500 гр-аар савласан 140 багц героин тээвэрлэж явсан нь тодорхой болсон. Тэдний хөлөглөж явсан дээрх автомашин нь хэдийгээр Туркийн Истанбул хот дахь Монгол Улсын ЕКГ-ын нэр дээр бүртгэлтэй дипломат дугаартай ч хувийн эзэмшлийн автомашин байсан гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Дээрх хот дахь манай ЕКГ-ынхан нэлээд эртнээс хар тамхи борлуулагч сүлжээнийхэнтэй холбоо харилцаатай болсон байж болзошгүй бөгөөд тэдний ажлыг гүйцэлдүүлснийхээ хөлсөнд өндөр үнэтэй автомашин авч, тансаг зэрэглэлийн орон сууцад амьдарч байсан гэсэн яриа байдаг. Бид энэ талаар Туркийн нэгэн цахим хуудсанд гарсан мэдээллийг эш татан, хэд хэдэн эх сурвалжаас баталгаажуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард уншигчдадаа хүргэсэн билээ.
Туркийн холбогдох байгууллагаас манай дипломат зарим ажилтныг эх орноосоо гарахыг шаардсан гэх албан бус мэдээлэл ч бидэнд ирж байна. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт бүлэглэлийнхэнтэй харилцаатай байж болзошгүй гэж үзэн ийм арга хэмжээ авч эхэлсэн гэх. Германд ял шийтгүүлээд буй дэд консул асан Б.Баттүшиг 2018 оны наймдугаар сард Истанбул дахь манай ЕКГ-т, жолооч С.Эрдэнэбаяр нь мөн оны есдүгээр сард томилогдсон нь тодорхой болсон бөгөөд тэднийг ХБНГУ-д баригдахаас өмнө буюу тухайн оны нэгдүгээр сард Б.Энхмөнх, Б.Алтансүх нь хар тамхины сүлжээнд элсчихсэн, бараа зөөж явсан нь Туркийн хууль сахиулах байгууллагынхны олж авсан камерын бичлэгээр тодорхой болоод байгаа. Өөрөөр хэлбэл, Истанбул дахь манай ЕКГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь шинээр ирсэн залуусаа хар тамхи зөөх бүлэглэлд элсүүлж байсан юм биш биз гэсэн хардлага бий. Харин тухайн үед ЕКГ-ыг удирдаж байсан Э.Мөнх-Очир гэнэт эх орондоо ирж, улмаар Ерөнхийлөгчийн зөвлөх болсныг учир мэдэх олон хүн гайхаж буй билээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа