Улсын их дэлгүүрт өнгөрсөн ням гарагт гал гарч, цагдаа, онцгойгийн алба хаагчид дөрвөн цаг гаруй ажилласны дүнд түймрийг бүрэн унтрааж, аюулыг намжаасан юм. Галын шалтгаан, хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас томилсон ажлын хэсэг холбогдох байгууллагын төлөөллийг байлцуулан дөрөв дэх өдрөө объектод хэргийн газрын үзлэг хийж буй. Нөхцөл байдал ямархуу байгааг тодруулахаар өчигдөр газар дээр нь очиход устгах хиам, сүү, тараг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид тус дэлгүүрийн хойно тусгаарласан байв. Тэд “Хасах температурт хадгалах ёстой хүнсний бүтээгдэхүүнүүд галд өртөж, хадгалалтын горим зөрчигдсөн учраас устгахаас аргагүй” гэлээ.
Ажлын хэсгийнхэн тавдугаар давхар хүртэлх үзлэг, шалгалтаа бүрэн дуусгасан бөгөөд өчигдөр зургадугаар давхрыг эхлүүлжээ. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид голдуу төвлөрдөг байсан тус давхар бүхэлдээ шатсан учир үзлэгийн ажилд нэлээд хугацаа шаардлагатайг онцлоод “Шалгалт дуустал мэдээлэл өгөхийг нийслэлийн Прокурорын газраас хориглосон” гэв.
Хэргийн газрын үзлэгийг Улсын их дэлгүүрт худалдаа эрхлэгчдийг байлцуулан хийж байгаа. Тэднийг тусгай үнэмлэхээр дотогш оруулж буй ч иргэд эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй гэж үзэн цагдаагийн алба хаагчид объектыг хамгаалж, эргэн тойрны замыг хаасан хэвээр байна. Энэ нь тэр орчимд худалдаа эрхлэгчдийг бухимдуулж эхэлжээ. Тухайлбал, уг дэлгүүрийн баруун талд орших “Алтай центр” худалдааны төвийнхөн энэ асуудлаар холбогдох байгууллагад хүртэл ханджээ. Тус төвийн менежер “Ням гарагаас хойш тусгай хамгаалалт гарч, зам хаалаа. Энэ нь манай төвд ажиллагсдын эрх ашгийг боогдуулж байна. Гал гарсан өдөр болон маргааш нь зам хаах шаардлагатайг үгүйсгэхгүй. Харин одоо дотоод үзлэг шалгалт хийж буй нөхцөлд зам хаах ямар ч шаардлагагүй баймаар. Энэ асуудалтай холбоотойгоор бид Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтэс болон онцгой байдал, мэргэжлийн хяналтын газарт хандахад “Зам хаах албан ёсны чиглэл өгөөгүй. Тийм нөхцөл одоо үүсээгүй” гэж мэдэгдсэн. Тэд өөрсдийнхөө ажлыг хөнгөвчлөх зорилгоор ийм зохицуулалт хийж байна. Цар тахал гарч бүх салбар уналтад орсон энэ үед бизнес эрхлэгчдээ ингэж хохироож болохгүй” гэв. Ташрамд дуулгахад, Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын их дэлгүүрт гарсан галын шалтгааныг тогтоох ажлын явцтай өчигдөр газар дээр нь танилцаж, энэ ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох байгууллагад өгчээ.